ОРХОН: Сар шинийн баяртай холбоотой мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-21 16:18:00

Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн байгууллагууд сар шинийн баярыг угтан хамтарсан хэвлэлийн хурал хийлээ. Хуралд аймгийн Онцгой байдлын газар, Замын цагдаагийн тасаг, БОЭТ, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын холбогдох албан тушаалтнууд оролцож, сар шинийн баярыг угтан хэрэгжүүлж буй ажил болон баярын өдрүүдэд хэрхэн ажиллах, иргэд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэлээ.


Онцгой байдлын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга,хошууч Г.Нэргүйбаатар, Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн хөдөөг чиглэсэн урсгал нэмэгддэг. Авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцастай хол замд зорчихыг анхааруулж байна. Хамгийн гол нь зорчих чиглэлийнхээ зам маршрутыг өмнө нь сайн судлах, цаг агаар болон бусад мэргэжлийн байгууллагуудаас өгч буй мэдээллийг тогтмол авах нь зүйтэй. Энэ жил нийт нутгаар харьцангуй дулаан байсантай холбоотойгоор томоохон гол, мөрний мөс цөмрөх осол аваар ихээр гарч буй. Иймд иргэд өөрийн болон ойр дотныхоо хүмүүсийн амь, эрүүл мэндэд хариуцлагатай, ухамсартай хандаж, аюулгүй байдлаа хангах шаардлагатай.

Мөн сар шинийн баярын өдрүүдэд ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд сэрэмжлүүлж байна. Энэ он гарсаар гал түймрийн 23 дуудлага бүртгэгдэж, 78 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Гал түймрийн шалтгааны дийлэнх хувь цахилгаан холболт, ашиглалтаас үүдэлтэй байна. Тиймээс иргэдийг цахилгаан угсралтаа мэргэжлийн хүнээр хийлгэхийг хүслээ.


БОЭТ-ийн Эмнэл зүй эрхэлсэн орлогч захирал М.Алтанбек, Сар шинийн баярын өдрүүдэд БОЭТ-ийн хүлээн авах, хүүхдийн хүлээн авах, халдварт, төрөх эмэгтэйчүүдийн хүлээн авах 24 цагаар ажиллана. Бүх тасагт мэргэжлийн эмч, эмнэлгийн жижүүрийн үүрэг гүйцэтгэнэ. Сар шинийн баярын өдрүүдэд архины хордлого, осголт, нойр булчирхайн архаг үрэвсэл, угаарын хийн хордлогын дуудлага нэмэгддэг. Хаврын улиралд тэр тусмаа гуравдугаар сард халдварт өвчний тохиолдлууд нэмэгддэг. Улсын мэдээгээр сүүлийн долоо хоногт салхин цэцэг, улаан бурхан, томуугийн халдвар, менинккокийн халдвар нэмэгдэх хандлагатай байна. Энэ талаарх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээг ХӨСҮТ-өөс иргэд олон нийтэд анхааруулан хүргэж байна.

Тиймээс олон нийтийн газар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, гарын ариун цэврийг сайтар сахиж халдвар хамгааллын дэглэмийг сахихыг зөвлөж байна. Насанд хүрэгчдийн амны хөндийд 700 гаруй нян бактер агуулагддаг гэж үздэг. Сар шинийн өдрүүдэд бага насны хүүхдийг үнсэхгүй байх нь зүйтэй. Аливаа нэгэн баяр ёслолын дараа нойр булчирхайн өвчлөл ихэсдэг. Нойр булчирхайн архаг үрэвсэл сэдэрдэг учраас хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэхээс татгалзах. Халуун хоолыг хүйтэн уух зүйлтэй хамт хэрэглэхгүй байх. Бохир гараар дамжих гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийг тус тус зөвлөлөө.


Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Х.Одбаяр, Сар шинийн баяр болохтой холбоотойгоор цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Ахуйн хүрээний хулгайн гэмт хэрэг сар шинийн өдрүүдэд нэмэгддэг. Тиймээс иргэд орон байрны хулгайн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж өөрсдийн зүгээс эд хөрөнгөндөө хариуцлагатай хандах шаардлагатай.Зарим байршилд Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс камерын тусламжтай хяналт тавьж байна. Мөн өнгөрсөн жил сар шинийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 тохиолдол, зам тээврийн 30 осол бүртгэгдсэн. Энгийн өдрүүдтэй харьцуулахад их тоо. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суух, жолоо барих зочид гийчиддээ согтууруулах ундаа өгөхөөс татгалзах хэрэгтэй. Энэ нь жолооч та өөрийн болон бусдын амь, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх хамгийн зөв алхам гэв.

Холбоотой мэдээ