ОРХОН: Өрхийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 18/ МОНЦАМЭ/. Аймгийн Засаг Б.Зоригтбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Мөнхцэцэг нар найман ӨЭМТ-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Найман өрхийн эмнэлгийн өнгөрсөн оны гэрээний биелэлт “хангалттай” буюу 80 хувиас дээш үнэлэгдсэн. Өнгөрсөн оны жилийн эцэст гүйцэтгэлийн үнэлгээний дундаж 96.7 хувь болж, 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ анхан шатандаа иргэн бүрд чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх нь чухал. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрээнд тусгасан чиг үүргийг чанартай биелүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэв. 2024 онд орон нутгийн 139 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, техник хэрэгслийг өрхийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн. Тухайлбал, гурван өрхийн эрүүл мэндийн төвд мобайл технологи, мөн гурван өрхийн эрүүл мэндийн төвд шарлагын аппарат, нэг өрхийн эрүүл мэндийн төвд цусны дэлгэрэнгүй шинжилгээний анализатор, нярайн шарлалт хэмжигч билиметр, зөөврийн эхо зэрэг тоног төхөөрөмжөөр тус тус хангасан. Энэ оноос эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын урсгал зардлыг орон нутгийн төсвөөс хариуцахаар болсон.
Мөн өнгөрсөн онд цэцэрлэгийн багачуудад урьдчилан сэргийлэх үзлэг, ерөнхий боловсролын сургуулийн
сурагчдад стрептококкийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, их дээд сургууль,
коллежийн оюутнуудад халдварт өвчний эрт илрүүлэг, ахмад настанд хавдрын
маркераар эрт илрүүлэг зэрэг нийгмийн эрүүл мэндийн ажлыг үр дүнтэй зохион
байгуулж ажилласан. Энэ онд дээрх үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр хамтын
ажиллагааны гэрээнд тусгажээ.