Саагийн тархалтыг 99 хувиар бууруулж чадсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-10-25 13:02:06

НҮБ./Xinhua/. Өчигдөр буюу 10 дугаар сарын 24-нд болсон “Халдварт саатай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдэхдээ “1988 оноос “халдварт саагийн тархалтыг зогсоох дэлхийн санаачилга”-ыг хэрэгжүүлж эхэлснээс хойш дэлхийн хэмжээнд саагийн халдвар авсан тохиолдол 99 хувиар буурсан” гэв.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “саагийн тархалтыг зогсооход ахиц дэвшил гарч байгаа хэдий ч энэ өвчнийг бүрэн дарж чадахгүй байна. Бүх улсад хүүхдүүд энэ өвчний халдвар авах эрсдэлтэй хэвээр байна” гэлээ.

Түүний хэлсэнчлэн, халдварт сааг эмчлэх ямар ч арга байхгүй боловч олон удаа вакцин хийснээр хүүхдүүдийн амь насыг аврах боломжтой.

Сүүлийн 12 сарын хугацаанд саагийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн Пакистан болон Афганистанаас гадна Сири, Ирак, Йемен, Сомали, Судан, Египет, Ливи, Жибути, Иордан, Ливан улсад саагаас урьдчилан сэргийлэх кампанит ажлыг ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр өрнүүлсээр байна.

Саа бол уршиг ихтэй, амь насанд ч хүрч мэдэх аюултай өвчин юм. Дархлаажуулалтаар дамжуулан саагаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ