АРХАНГАЙ: Өндөр-Улаан сумынхан хуванцар сав хэрэглэхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хуванцрын хэрэглээгүй сум болох зорилтыг дэвшүүлжээ.
Энэхүү заалтыг ажил хэрэг болгож, сумын Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 12-ны А/15 дугаар захирамжаар зориулалтын бус хуванцар савны хэрэглээг хориглов.
Захирамжаар тус суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, сургууль, цэцэрлэг, дотуур байр болон өрхүүдэд хэрэглэж буй хүний эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөг тогтоосон хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэхийг мөн худалдахыг хориглосон байна.
Энэхүү захирамжийн хэрэгжилт нь ирэх 5 дугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд зохион
байгуулалтыг сумын нийгмийн бодлогын болон эрүүл мэндийн мэргэжилтэн хийнэ. Холбогдох
хяналтыг сумын Засаг даргын орлогч, ХАА-н мэргэжилтэн, багийн Засаг дарга нар хийх
юм.