ЗАВХАН: Гурван жил тутам өгдөг эсийн шинжилгээндээ заавал хамрагдахыг зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 24
/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээс 30 наснаас дээш эмэгтэйчүүдийг
гурван жил тутам хамрагдах сайн дурын шинжилгээндээ
идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.
Завхан аймгийн хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар хорт хавдартай 842 хүн байна.
Үнээс эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хортой хавдартай 109, хөхний хавдартай 43 хүн, өндгөвчний хортой хавдартай 38 хүн байна. Хавдрын өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх эрт үед нь оношлох нь хамгийн чухал юм.
Тус аймгийн хэмжээнд умайн хүзүүний эсийн шинжилгээг нийт зорилтот бүлгийн 5006 эмэгтэй хийлгэх ёстой байсан. Энэ нь 30 наснаас дээш эмэгтэйчүүд 3 жил тутам хамрагдах сайн дурын шинжилгээ юм.
Гэтэл өнөөдрийн байдлаар эсийн шинжилгээний лаборатори 2024 онд 1301 эсийн шинжилгээг хийсэн байна.
Эдгээр шинжилгээгээр
эрүүл буюу nilm 587, Ascus буюу хөнгөн зэргийн гажигшил байж магадгүй
514, Asc-H буюу хүнд зэргийн гажигшил байж магадгүй
6 тохиолдол илэрсэн байна. Мөн Lsil буюу умайн хүзүүний хөнгөн зэргийн гажигшил 178, Hsil буюу умайн хүзүүний хүнд зэргийн гажигжил
14, Scc буюу умайн хүзүүний хавтгай хучуурын хортой хавдар
хоёр илэрч эмчилгээндээ ороод явж байна.
Дээрх шинжилгээ өгсөн эмэгтэйчүүдээс 714 эмэгтэй ямар нэг асуудалтай оноштой
байна.
Тиймээс эмэгтэйчүүдийг эсийн шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна. Эрт илрүүлэг үзлэг оношилгоог хийлгэж байгаа, ялангуяа товлолт эсийн шинжилгээгээ заавал хийлгэхийг уриалж байна.
Ингэснээр та эрүүл байж чадна, хавдраас урьдчилан сэргийлж чадна. Мөн охиддоо дархлаажуулалт хийлгэж умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэхийг
зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх, дэмжих төвд төлбөргүй шинжилгээг авч байна
гэж Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг судлаач, /эсийн эмгэг судлаач/, анагаах ухааны магистр,
хүний их эмч Н.Мөнх-Амгалан мэдээлэв.