АРХАНГАЙ: Ноён хангайн рашаан эмчилгээний зориулалттай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол орны нутаг дэвсгэрт олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байдаг. Үүний дотор халуун рашаан 42, халуун уур 1, нүүрс хүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаантай төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байдаг байна. Мөн 270 гаруй рашаан төстэй харз, булгууд байдаг гэж судлаачид үздэг.
Шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад, рашаан гэдэг нь физикийн болон химийн өвөрмөц шинж чанар бүхий эмчилгээний ач холбогдолтой байгалийн ус, шаврыг хэлдэг.
Харин рашааны орд гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг хэлнэ. Анагаан эмчлэх чадалтай газрын энэ гайхамшигт усыг эрт дээр vеэс хүмүүс шvтэн биширч, өвчин эмгэгийг илааршуулахад ашигласаар ирсэн бөгөөд өнөө үед амралт сувиллын байдлаар байгалийн эрдэст рашаан усыг ашиглаж байна. Үүний нэг нь Архангай аймгийн Хангай сумын нутагт орших Ноён хангай халуун рашаан юм. Ноён Хангайн уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой уул бөгөөд нутгийн ард түмэн эрт дээр үеэс шүтэж ирсэн түүхэн уламжлалтай. Эмчилгээний чанартай олон төрлийн халуун рашаантай юм.
Ноёнхангайн рашаан хүний биеийн дулаантай адилхан 37 хэмийн температуртай хэмээнэ.
Өөрөөр хэлбэл, рашааны халуун нь 36-39 хэм, 9.1-9.5 хэт шүлтлэг, хүхэрт устөрөгч, цахиурын хүчил зэргийг агуулсан байдаг. Эдгээр рашаанууд нь дотор, таван цулын эрхтэн систем, нуруу, бөөр, тулгуур эрхтний өвчлөлд нэн сайн бөгөөд нүд, чих, хамар, амны хүйтэн рашаанууд тусдаа өөр өөрсдийн сувгаар урсдаг онцлогтой.
Энэхүү халуун, хүйтэн рашаан бүхий 56658 га талбайг
хамруулан, УИХ-ын 1998 оны 28 дугаар тогтоолоор "Байгалийн цогцолборт
газар"-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Тусгай хамгаалалттай газар
нутгийн албан ёсны нэршил нь Ноёнхангайн байгалийн цогцолборт газар юм.
Тус газар нь Улаанбаатар хотоос 700 км, аймгийн төвөөс 250 км, Хангай сумын төвөөс баруун зүгт 18 км-ийн зайд умард өргөргийн 47°31'19.5", дорнод уртрагийн 91°37'47.5" солбицолд, далайн түвшнээс дээш 1293 метр өндөрт өргөгдсөн газарт байрладаг.
Тус халуун рашаанд өвлийн улиралд ч орох боломжтой юм.