БАЯН-ӨЛГИЙ: Гавьяат багш С.Мартаар ахлуулсан зөвлөн туслах баг ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш С.Мартаар ахлуулсан зөвлөн туслах ажлын баг нэгдүгээр сарын 8-наас эхлэн Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Зөвлөн туслах баг аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудын сургуулийн менежментийг дэмжих арга зүйн мэдлэг, ойлголтыг нэгтгэх, сургууль, багш, удирдах ажилтнуудыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Тус бүрэлдэхүүнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажилласан, Монгол Улсын Ардын болон гавьяат багш нар багтжээ. Тус баг өнөөдрийн байдлаар Сагсай, Цэнгэл, Улаанхус сумын Хөх хөтөл баг, Толбо, Дэлүүн, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Алтай, Ногооннуур, Цагааннуур сумын сургуулиудад ажиллаад байна.
Харин энэ сарын 16-17-нд аймгийн төвд нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн 35 захирал, 56 менежер, 23 нийгмийн ажилтан оролцож байгаа юм. Оролцогчид Монгол Улсын боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл, сургуулийн менежментийг сайжруулах прагматик арга замуудын талаар мэдээлэл авч байна.
Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймаг ЭЕШ-ын
дүнгээр улсын хэмжээнд доогуур байр эзэлдэг нь ихээхэн шүүмжлэл
дагуулдаг бөгөөд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газраас аймгийн
удирдлагууд болон тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран
боловсролын чанар, хүртээмжийг сайжруулж, салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг
шийдвэрлэхээр ийнхүү төлөвлөгөөтэй алхмууд хийж эхэлжээ.









