Хятадад 3 мянга гаруй жилийн өмнө нэрсэн дарс олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ШАНХАЙ, 2025 оны нэгдүгээр сарын 15 /Xinhua/. Археологичид Хятадын зүүн нутагт 3000 гаруй жилийн өмнө нэрж гаргаж авсан дарсыг олжээ.
Энэхүү олдворыг Шаньдун мужийн Жинань хотын Дасинжуан балгаст хийсэн малтлагын үеэр олж илрүүлсэн байна. Нэрмэл дарс нь Шан гүрний сүүл үед /МЭӨ 1600 - 1046 он/ хамаарах хүрэл саванд хадгалагдаж байжээ. Уг хүрэл савыг 2010 онд олсон боловч маш их зэвэрсэн байсан тул археологичид савыг нээхэд олон жилийг зарцуулсан байна.
Саванд байсан шингэний дээжид нэрэхгүйгээр исгэж гаргаж авсан дарсанд агуулагддаг элсэн чихэр, уураг байхгүй болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ. Ингэснээр эрдэмтэд олж илрүүлсэн шингэн нь нэрмэл дарс болохыг баталж чадсан байна.
Энэхүү олдвор нь Хятадад нэрмэл согтууруулах ундааны үйлдвэрлэлийн түүх урьд өмнө тооцоолж байснаас 1000 жилийн өмнө эхэлсэн байж магадгүйг харууллаа.