ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Төрийн байгууллага 2025 оноос эхлэн албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хөтлөхөөр шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд хос бичигтэн болох бэлтгэл ажлыг хангаж, олон талт үйл ажиллагаа, сургалт зохион байгуулж байна.
МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн багш, доктор, дэд профессор Г.Нямдаваа өнөөдөр Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ болон зарим сургууль, цэцэрлэгийн төлөөлөлтэй уулзаж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн” сэдвээр мэдээлэл хийлээ.
Мөн бүх нийтийн хэрэгцээнд зориулж, Монгол хэл, бичиг дэд хөтөлбөрийн хүрээнд Жаргалант сумын ОНХС-гийн дэмжлэгээр “Монгол бичиг" сэдэвт ном хэвлүүлжээ.
Уг бүтээлийн дээжийг Жаргалант сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагч болон зарим сургууль, цэцэрлэгийн төлөөлөлд хүлээлгэн өгөв.
Энэ нь үндэсний бичиг соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх юм.