Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-03 09:50:48

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын электрон спортын холбооноос Монголд анх удаа 100 мянган ам.долларын шагналын сантай олон улсын Dota2-ын MESA Invitational 2024” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.


Тус тэмцээн энэ сарын 14, 15-нд болох бөгөөд Ази, Европ, Монголын төлөөлөл найман баг Улаанбаатар хотын “Аса Арена” цогцолборт өрсөлдөх юм. Тэмцээнд дэлхийн шилдэг Клемент Puppey Иванов тэргүүтэй Team Secret, Ануча Jabz Жиравон ахлагчтай Aurora Gaming, Карло Kuku Палад ахлагчтай Talon Esports болон шинэхэн байгуулагдсан The MongolZ баг оролцохоор мэдүүлэг өгчээ. Найман баг дөрвөөрөө хоёр хэсэгт хуваагдан тоглох ба хэсгийн тоглолтууд Bo2 журмаар болж, хэсэг тус бүрээс гурван баг хасагдах шатанд шалгарна. Харин хасагдах шатны тоглолтууд Bo3 журмаар болно.


Монголд анх удаа олон улсын багуудыг урьсан DOTA2-ын энэхүү тэмцээнд түрүүлсэн баг 50 мянган ам.доллар гардах бол мөнгөн медалийг 25 мянган ам.доллар дагалдах юм. Харин гурав, дөрөвдүгээр байрт шалгарсан баг 12500 ам.доллар өвөртөлнө. 

Холбоотой мэдээ