Самбо бөхийн ДАШТ-д Монголын 20 тамирчин барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-07 12:52:38

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Казахстаны Астана хотод эхэлнэ.


Тус тэмцээнд манай улсаас 20 тамирчин оролцох бөгөөд тамирчид Астанаг зорьжээ. 311 мянган ам.долларын сантай шантай уг тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангиллаар болох бөгөөд түрүүлсэн бөх 4000, мөнгө 3000, хүрэл медаль хүртвэл 2000 ам.доллар халаасална.


Ираны Тегеран хотод болсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Ш.Чанарав анхлан алтан медаль хүртсэн ба түүнээс хойш манай улсаас дэлхийн 42 алтан медальтан төрөн гарсан байна. Энэ медаль нь бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Монголын анхны алтан медаль гэдгээрээ онцлогтой.


Монголоос ДАШТ-ий хамгийн олон алтан медалийг гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од эзэмшдэг бөгөөд тэрбээр дэлхийн дэвжээнд таван удаа түрүүлжээ. Түүний араас Г.Жамсран, Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням, Д.Сумъя нар ДАШТ-ээс гурван удаа түрүүлжээ.


Дашрамд сонирхуулахад, манай улс 1974 онд самбо бөхийн ДАШТ, 1989 онд Дэлхийн цом, 1997, 2018 онд ААШТ-ийг эх орондоо зохион байгуулж байсан юм. 



Холбоотой мэдээ