ОХУ-ын Ерөнхий Консул Дархан хотын үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-18 00:29:09

Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярыг тохиолдуулж ОХУ-ын Дархан дахь Ерөнхий Консулын газраас эрхлэн Дархан хотын үе үеийн удирдлагуудыг урьж хүндэтгэл үзүүллээ. Хүндэт зочдоор Т.Цэвэгмид, Л.Амарсанаа, Л.Гүнчин нарын үе үеийн аймгийн удирдлагууд уригдаж оролцлоо.

Энэ жил  хоёр улсын хооронд тогтоосон дипломат харилцааны 95 жил, Дархан хотын 55 жилийн ой тохиож байгаатай уялдуулан Дарханы Консулын газраас ажил хэрэгч уулзалтуудыг байнга зохион байгуулж ирсэн. 

Уулзалтын үеэр Ерөнхий консул А.Ц.Доржиев хэлэхдээ:-“Ах дүү сайн хөршийн харилцааг бэхжүүлэхэд манай өмнөх үеийн удирдлагууд их зүйл хийснийг бид хэзээ ч мартахгүй. Орос улсын олон удирдлагууд Дарханы удирдлагуутай хамтарч хийсэн ажлуудыг халуун дотноор санан дурсдаг. ОХУ-ын Дархан дахь Ерөнхий Консулын газар Дархан-Уул аймгийн удирдлагуудтай төлөвлөгөөт ажил хэрэгч харилцаа тогтоон ажиллаж хилийн харилцааны хөгжлийн асуудлаар С.Насанбат даргатай байнга зөвлөлдөж байна” гэв. Мөн өнгөрсөн есдүгээр сард Улан-Үдэ хотын даргын урилгаар Дархан хотын төлөөлөгчид Буриадын нийслэлийн 350 жилийн ойд оролцоод ирсэнд талархал илэрхийлсэн юм. Халуун дулаан уур амьсгал дор болдог ийм уулзалтууд Монгол-Оросын харилцааг бэхжүүлэх сайхан уламжлал болно гэж талууд үзэж байлаа. Хүндэтгэл үзүүлэх уулзалтын төгсгөлд тус Консулын газраас аймгийн үе үеийн удирдлагуудад ах дүү найрамдалт, хамтын ажиллагааны бэлгэдэл болгож дурсгалын зүйлс хадгалуулав. Дархан-Уул аймаг нь БНХАУ-ын Эрээн, ОХУ-ын Улаан-Үд, ХБНГУ-ын Цайз, БНСУ-ын Кенги аймаг зэрэг арваад хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай ажиллаж байна.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ