“Өвсний үндэс” төслийн хүрээнд Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-аар “Улаанбаатар хотын Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ.
Тус төсөлд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Улаанбаатар хотын Налайх дүүргийн Засаг дарга Х.Анхбаяр нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрөөр хэрэгжих “Улаанбаатар хотын Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Уг ёслолд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир оролцов.
Уг төслөөр Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл барих юм. Тус цэцэрлэгийн хувьд анги дүүргэлт хэт өндөр байгаа нь гол тулгамдсан асуудал болж иржээ. Цэцэрлэгийн анги танхимын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор түр хугацаанд үйл ажиллагаа явуулж буй гэр цэцэрлэг нь эрүүл ахуй болон аюулгүйн стандарт шаардлагыг бүрэн дүүрэн хангадаггүй байна. Өргөтгөлийн барилга баригдаж, өндөр ачаалал багассанаар цэцэрлэгийн 173 хүүхэд, 25 багш, ажилтны эрүүл, аюулгүй орчинд сурч, ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү тодотгов.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34
жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”
хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь дээрх хөтөлбөрийн 606 дахь,
Налайх дүүрэгт хэрэгжих 7 дахь төсөл болж байна. Мөн энэ удаагийн төслийн
санхүүжилтийн дээд хязгаар нь 122,165 ам.доллар юм.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.