54 ангиллын визийг цахимаар хүсэлт гаргаж авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-03 16:15:58

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газраас “Монгол Улсын цагаачлалын салбарын цахим шилжилт” уулзалт зохион байгууллаа.


Өнгөрсөн сарын 10-наас визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдсэн юм. Өмнө нь манай улсад ирэх гадаадын иргэд элчин сайдын яаманд очиж уламжлалт байдлаар виз мэдүүлэх цагаа авна, мэдүүлнэ гээд их хугацаа зарцуулдаг байсан. Харин үүнийг бүрмөсөн халжээ.


Тодруулбал, ГИХГ-аас олгож байгаа нийт 54 ангиллын визийг цахимаар олгох Засгийн Газрын шийдвэр гараад хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Монголд зорчин хөрөнгө оруулалт хийх, хөдөлмөр эрхлэх, суралцах гэж буй оюутнууд, гэр бүлийн шугамаар ирж байгаа зэрэг 54 ангиллын визийг цахимаар мэдүүлээд хариугаа цахимаар авдаг үйл явц руу шилжлээ.


2021 оноос хойш аялал жуулчлалын, дамжин өнгөрөх, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох визийг цахимаар олгож ирсэн. Уг тоон үзүүлэлт жилээс жилд өсөж байгаа юм. 2023 онд л гэхэд аяллын зорилгоор 36 мянган иргэн цахим виз авч байсан бол энэ жилийн аравдугаар сарын байдлаар 74 мянга болж өсөв.

Холбоотой мэдээ