Оросын сенаторууд Сири дахь Оросын нисэх баазад зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРОрос улсын ерөнхийлөгч Владимир Путин баасан гаригт Сирид Оросын нисэх хүчнийг байнгын үндсэн дээр байрлуулах тухай зарлигт гарын үсэг зурсан. Тэгвэл бямба гаригт Оросын Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны дарга Виктор Озеров тэргүүтэй төлөөлөгчид Арабын Бүгд Найрамдах Сири улсын Хмейми дахь оросын цэргийн нисэх баазад зочилсон тухай Холбооны зөвлөлийн (ХЗ) хэвлэлийн албанаас уламжлав.
Сенаторуудын айчлалын зорилго нисэх баазын байдал, тоноглол болон цэргийн албан хаагчдын амьдралын нөхцөлийг үнэлж дүгнэхэд оршиж байгаа гэж албаны мэдээнд дурджээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ХЗ-ийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны нэгдүгээр орлогч Евгений Серебренников, ХЗ–ийн тус хорооны дэд тэргүүн Мухарбек Дидигов, ХЗ –ийн гишүүн Ольга Ковитиди, Александр Суворов нар оржээ.
Энд сенаторууд Сири дахь Оросын цэргийн бүлгийн командлагч хурандаа-генерал Александр Дворниковтой уулзалт хийж, Арабын Бүгд Найрамдах улсын Тартус дахь Оросын Тэнгисийн- цэргийн флотын материал-техникийн хангамжийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, цэргийн госпиталь болон оросуудын байгуулсан дайсагнах талуудыг эвлэрүүлэх төвөөр зочилжээ.
“Оросын нисэх хүчний баазыг байгуулсан гол зорилго терроризмын эсрэг тэмцэлд нөлөөлөхийн зэрэгцээ Сирийн байдлыг намжаахтай холбогдуулан улстөрийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд оршиж буй юм ” хэмээн Виктор Озеров цохон тэмдэглэжээ.
Тэрээр нисэх баазыг орчин үеийн тавигдах бүхий л шаардлагад нийцсэн техникийн тоног төхөөрөмжтэй, цэргийн госпиталь шаардлагатай бүх эм тариагаар болон мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан тухай яриандаа онцолжээ.
Москва хот А.Огторгуймаа