ТӨВ: Номын баяраар 100 гаруй ном солилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-09-21 13:41:23

Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигаар “Үндэсний бичиг соёл, номын баярын өдрүүд-2024” үйл ажиллагааг 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Төв аймгийн Нийтийн номын санд зохион байгууллаа.


Номын баярын өдрүүдээр шинэ номын үзэсгэлэн худалдаа, номын солилцоо, дэлхийн хүүхдийн шилдэг номын үзэсгэлэн, монгол уламжлалт тоглоом наадгайн үзэсгэлэн, "Босоо бичиг-Бидний бахархал" сэдэвт үзэсгэлэнг дэлгэсэн юм.


Түүнчлэн "Алтан үсэг" хөгжөөнт тэмцээн, "20 номын хожил" асуулт хариулт, ”Бахархалт-Өв соёл” монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичигтэн уралдаан, “АХА" танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа.



Төв аймгийн Нийтийн номын сангийн захирал Т.Тунсаг, “36 дахь удаагийн Үндэсний бичиг соёл, номын өдрүүдээр давхардсан тоогоор 1000 гаруй хүүхэд багачууд, иргэн оролцлоо. Урьд өмнө нь номын баяраар хүүхэд, сурагчдад зориулсан үйл ажиллагааг түлхүү зохион байгуулдаг байсан бол энэ удаад насанд хүрэгчдийг хамруулсан нь онцлог байлаа. ”Бахархалт-Өв соёл” монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичигтэн уралдаанд 20 бүтээл ирсэн. Цаашид ч насанд хүрэгчдэд зориулсан үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой байна” гэв.


Төв аймгийн Нийтийн номын санч Д.Номин-Эрдэнэ, "Энэ удаагийн номын баяраар номын солилцоог зохион байгуулсан. Энэ нь өөрийн уншсан номыг авч ирээд уншаагүй номоор сольж унших юм. Өнөөдрийн номын баярт 20 хүн 100 гаруй ном солилцсон байна. Маш үр дүнтэй үйл ажиллагаа гэж харж байгаа болохоор тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.


Энэ удаагийн номын баяраар Тодко Самсон зохиолчийн Вангийн нулимс, Хуримын гэрч номууд эрэлт ихтэй байлаа. 






Холбоотой мэдээ