Трампын сонгуулийн штабын материалыг Байдены ажилтан руу илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-09-19 11:49:20

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 19 /DW/. “Ираны хакерууд Дональд Трампын сонгуулийн штабын хулгайлагдсан материалуудыг агуулсан цахим шууданг Ерөнхийлөгч Жо Байдены сонгуулийн штабтай холбоотой хүмүүст илгээсэн. Энэ бол удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийн тулд Техраны зүгээс явуулж буй өргөн хүрээтэй ажиллагааны нэг хэсэг мөн” гэж АНУ-ын тагнуулын агентлагууд лхагва гарагт мэдэгджээ.


Хакерууд Д.Трампын штабын хулгайлагдсан, нийтэд ил болгоогүй” материал бүхий цахим шуудангуудыг Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Байдены штабын ажилтнуудад илгээсэн байна. Эрх баригчдын мэдээлснээр, Ж.Байдены ажилтнуудын хэн нь ч цахим шууданд хариу өгөөгүй ажээ.


АНУ-ын Үндэсний тагнуулын газар, Холбооны мөрдөх товчоо, Цахим аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн агентлагийн зүгээс, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон хэмээн Ираныг буруутгасан ба Ираны тал үүнийг үгүйсгэсэн юм.


Мөн өөрсдийн ашиг тусын тулд АНУ-ын нийгэм дэх хуваагдлыг хурцатгахыг оролдож байна гэж Орос, Хятадын талаар мэдэгдсэн байна.


Meta олон нийтийн сүлжээний компаниас наймдугаар сард мэдээлснээр, Ираны хакерууд хоёр нэр дэвшигчийн сонгуулийн штабын ажилтнуудын “WhatsApp мессенжерийн хаягаар дамжин нэвтрэхийг оролджээ. Ингэхдээ, “Google, Microsoft” зэрэг технологийн томоохон компаниудын ажилтны дүр эсгэсэн байна. Хэдийгээр ямар нэгэн хаягт өөр этгээд нэвтэрсэн гэх нотлох баримт байхгүй боловч Meta компани анхааруулга өгөхийн тулд болсон явдлын талаар олон нийтэд мэдээлэхээр шийдвэрлэжээ.


Америкчууд ирэх 11 дүгээр сарын 5-ны өдөр ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гэж буй энэ үед Д.Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис нар сүүлийн долоо хоногуудад цахим халдлагын бай болсон гэдгээ мэдэгдээд байна.

Холбоотой мэдээ