Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-14 16:24:38

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн түгжрэлийг багасгахаар Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн 4 байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээлээ.


Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар төслийг санхүүжүүлсэн БНХАУ-ын Эксим банк, бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн хамт олонд талархлаа илэрхийлээд, “Нийслэлд 1949 онд анхны төмөр зам байгуулснаас хойш авто зам, төмөр замын хөдөлгөөнтэй нэг түвшинд байж ирсэн. Энэ оны 10, 11 дүгээр сард хийх нүхэн гарцын ажлууд, 2025 онд хэрэгжүүлэх Дүнжингаравын уулзварын нүхэн гарц барьснаар авто замын хөдөлгөөн төмөр замынхтай давхцахгүй болно. Мөн төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ нэмэгдэж, замын түгжрэлийг тодорхой түвшинд бууруулах тооцоо бий. Улаанбаатар хотын газар доорх мэдээллийн сангийн мэдээлэл дутагдалтай байснаас тодорхой хугацаанд ажил хойшилсон ч гүйцэтгэгч компани, төсөл хэрэгжүүлж буй байгууллагын ажлын уялдаа сайн байсны дүнд цаг хугацаа хожиж, чанартай хийж дуусгасан”-ыг тэмдэглэв.



Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж юм. Мөн хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд хоёр түвшний огтлолцолтой. Нүхэн гарцыг нээснээр хоногт 32 500 автомашин зорчих боломжтой. Ингэснээр авто замын нэвтрүүлэх чадвар нь 22,9 хувиар нэмэгдэж, түгжрэл бууруулахад нөлөөлөх юм. Төмөр замын 396 дугаар гармаар хоногт 53 галт тэрэг өнгөрч, 2 цаг 48 минут орчим хугацаанд гармыг хаадаг. Цаашид хоногт 5-6 цаг уг гармыг хаах шаардлага үүсэх судалгаа гарсан тул нүхэн гарц барьснаар авто замын урсгал галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүй болж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ