“Эбола” халдварласан тохиолдол өнгөрсөн долоо хоногт илэрсэнгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
jargal@montsame.mn
2015-10-08 14:35:04

ЖЕНЕВ. /TASS/.  Баруун Африкт есдүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 4 хүртэл буюу өнгөрсөн долоо хоногт “Эбола” вирусийн халдвар авсан шинэ тохиолдол илрээгүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Женев хотод нийтэлсэн долоо хоног тутмын мэдээлэлд дурдсанаар, тус бүс нутагт 2014 оны гуравдугаар сараас хойш анх удаа өвчний тархалтын ийм байдал ажиглагдаж байгаа аж.

Гэхдээ ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ойрын хугацаанд халдварын шинэ тохиолдол илрэх эрсдэл хадгалагдсан хэвээр байна. Гвинейд халдвар авсан өвчтөнүүд болон эрүүл хүмүүсийн хоорондын 509 хавьтлыг мэргэжилтнүүд ажиглаж байгаа аж.

Сьерра-Леонд гурав дахь долоо хоногтоо “Эбола”-гийн халдвар авсан тохиолдол илрээгүй байна. Өвчний тархалт судлаачдын хувьд хавьтлыг ажиглах 21 өдрийн хугацаа дуусчээ. Халдвар авсан сүүлийн өвчтөн Камбиа хотын эмнэлгээс есдүгээр сарын 26-нд гарсан байна.

Либерид вирусийн халдварын тархалт зогссоныг ДЭМБ есдүгээр 3-нд албан ёсоор зарлажээ. Аюултай вирусийн халдвар тархсанаас хойш Баруун Африкт 28421 хүн  “Эбола”-гийн халдвар авснаас 11297 нь нас барсан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ