“Deutsche” банк 9.5 сая долларын торгууль төлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-10-13 10:52:05

ВАШИНГТОН. /NHK/. Германы “Deutsche” банк өөрийн шинжээчдийн гаргасан нууц мэдээллийг зохих ёсоор нууцлан хамгаалж чадаагүй тул 9.5 сая долларын торгууль төлөхөөр болсон гэж АНУ-ын зохицуулагч байгууллага мэдэгдэв.

АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын албаны хүмүүсийн хэлснээр, нийтлэгдээгүй тайлангуудыг нэр бүхий үйлчлүүлэгчдэд илгээж байсан үнэт цаасны судалгааны шинжээчдийнхээ үйлдлийг тус банк дэмжиж байсан аж.

Мөн тайлангуудыг бэлтгэсэн шинжээчдийн байр суурьтай зөрчилдсөн тайланг гаргаж байсан хэмээн тус комисс "Дойче" банкийг буруутгажээ.

Судалгааны шинжээчдийн гаргасан зэрэглэл, таамаглал, тооцоолол зэрэг мэдээлэл нь зах зээлийг хөдөлгөөнд оруулах хүчтэй байдаг гэдгийг комиссын албаны хүмүүс онцлов.

Брокер-дилерүүд ийм төрлийн мэдээллийг урвуулан ашиглах явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг комисс анхаарууллаа.

Үүний зэрэгцээ ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг хууль бусаар худалдсан хэрэгтэй холбоотойгоор тус банк нэлээд хэмжээний торгууль төлж магадгүй болоод байна. Энэ зөрчлийг АНУ-ын Хууль зүйн яам шалгаж байгаа ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ