Монгол-Оросын найрамдлын сарын аяны нээлт Дорнодоос эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-12 16:38:31

Монгол-Оросын найрамдлын 95 дахь удаагийн сарын ажлын нээлт Дорнод аймгаас эхэллээ.  Дорнодоос эхэлж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм гэдгийг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн гишүүн Н.Дариймаа нээлтийн ажиллагаан дээр онцоллоо.

Тэрээр, Дорнод нутаг бол Монгол-Оросын  найрамдлын түүхийн гэрч болсон газар шороо. Энэ нутгийн хүн ард бүгд хоёр орны найрамдлын үр шимийг мэддэг. Энэ нутагт Монгол-Оросын найрамдлын олон чухал баримт хадгалагдаж байдаг учраас Дорнодынхон энэ найрамдлын тодорхой хэсгийг “өмчлөх” эрхтэй гэлээ.

Найрамдлын сарын хүрээнд Чойбалсан хотын 8 дугаар сургууль “Орос хэлний баяр”-ыг тэмдэглэж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд урлаг соёлын тэмцээн зохиож, тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдийг шагнаж урамшуулав. Мөн бүх насныхны дунд Орос хэлний түвшин тогтоох шалгалт зарлаж, хамгийн өндөр оноо авсан иргэд, багш, сурагчдыг ОХУ-д тэтгэлгээр сургах, давтан мэргэшүүлэх өндөр болзолтой байсан нь олон хүнийг хамарсан “нүдээ олсон” ажил боллоо гэж оролцогчид ам сайтай байлаа. Харин ЕБС-д орос хэлний хичээлийн цагийг багасгасанд харамсаж явдаг тухайгаа орос хэлний багш нар энэ үеэр ярьж байв.

Энэ удаагийн Орос-Монголын найрамдлын сарын ажлыг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр идэвхийлэн санаачилж, ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ