БНХАУ-ын Бугат хотын бизнес, үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид айлчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны
наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Манай улсад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын төлөөлөгчид
айлчилж байна.
Бугат хотын Эдийн засгийг хөгжүүлэх төвийн дарга Ли Вэнг Шиа тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүнд тус хотын бизнес, үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид орж байна. Тухайлбал, ухаалаг уул уурхай, уул уурхайн тоног төхөөрөмж, тээвэрлэлт, барилга байгууламж, бүтээн байгуулалт зэрэг салбар салбарын төлөөлөл багтжээ.
Төлөөөлөгчдийг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хүлээн авч уулзав. Тэрбээр, УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулаад буй хамтарсан Засгийн газраас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг шинээр байгуулсныг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газраас цаашид аж үйлдвэрийг хөгжүүлэх, олборлолтоос боловсруулалтын түвшинд шилжиж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тэргүүлэх ач холбогдол бүхий бодлого баримталж буйг уулзалтын эхэнд онцоллоо.
Энэ онд Монгол Улс
БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд,
уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэгтэй бөгөөд цаашид
хөгжлийн шинэ шатанд гарах шилжилтийн энэ үед айлчилж байгаад баяртай байгаагаа
илэрхийлэв.
БНХАУ-ын Өвөр Монголын
Өөртөө Засах Орны Бугат хотын Эдийн засгийг хөгжүүлэх төвийн дарга Ли Вэнг Шиа
тус төвийн талаар товч танилцуулав. Талууд аж үйлдвэр, эрдэс
баялгийн салбарт цаашид хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлсний зэрэгцээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас энэ оны 10 дугаар сард зохион байгуулах “Уул
уурхайн долоо хоног -2024 /Mining week/"-д оролцохыг урив.