ЗАВХАН: Үнэт эрдэнээр урласан цор ганц бүтээл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-08-05 17:17:46

Улиастай, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейд XYIII зууны сүүл, XIX зууны үеийн бүтээл болох Жүжигшал Жанрайсэг хадгалагдаж байна.


Монголд Энэтхэгээс анх орж ирсэн гурван төрлийн Жанрайсэгийн нэг бол уг бурхан юм. Завхан аймгийн музейн шашны танхимын гол үзмэрт байрлах энэхүү бурхны бүтээл нь 2014 онд "Музейн үзмэрийн дээжис" нэгэн сэдэвт бүтээлд зориулагдан хэвлэгдсэн ховор хийцийн цор ганц бүтээл аж.


Таван давхар тэргүүнтэй гурван тийшээ харсан найман мутартай, дээд мутрынхаа хуруунд эрх барьсан. Чихэндээ ээмэгтэй, бадамлянхуа цэцгийн суурин дээр зогссон, баруун гартаа цэцэг барьсан. Тэргүүндээ титэмтэй, хоёр гарын алган дээр мэлмийтэй, зүүн гарынхаа мутарт нум сум барьсан, баруун гартаа хорол барьсан. Урт нь 10 см, өргөн нь  8 см, өндөр нь 26 см, жин нь 575 гр Жүжигшал Жанрайсэг бурхан нь үнэт металлаар нэг хувь хийгдсэн бүтээл юм.


Жанрайсэг Аръяабал бурхныг монголоор чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч хэмээнэ. Төвдөөр Жэнрэзиг гэх агаад “жэн” гэдэг нь мэлмий, “рэ” гэдэг нь тасралтгүй, “зиг” гэдэг нь харах гэсэн утгыг агуулдаг учраас “Мэлмийгээр болгоогч” хэмээнэ. Жанрайсэг бурхан нь хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан байдаг тул замбуутивийн амьтан бүрийг нирваанд хүргэхийн тулд дээдийн дээд амгаланд залрахаа хойшлуулсан гэдэг. Бурхан багш ийм тангарагтай бодьсадва нарыг миний нэгэн адил тахиж дээдэл хэмээн сургажээ.


Жанрайсэг нь мэлмийгээрээ хүний зовлон, жаргалыг болгоодог тэргүүний голдоо мэлмийтэй бурхан юм. Тиймээс адис авч мөргөх юм бол их хүч хайрлана гэж үздэг байна. Мөн шинийн 15, 29-ний өдрүүдэд уг бурхнаас адис авч, нутгийн лам хуврагууд сүсэгтэн олонд зориулж ном айлддаг уламжлалтай. Жүжигшал Жанрайсэг нь аймгийн музейн шашны танхимын үзмэрт байгаа бурхны гол үзмэрүүдийн нэг юм гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв.


Жүжигшал Жанрайсэг

Холбоотой мэдээ