Сүрэш Бабу: Терроризмын эсрэг тэмцэлд Энэтхэгчүүдтэй нэгдэхийг уриалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-10-10 15:23:23

БНЭУ-ын хилийн зурвас, Жамму, Кашмирын Хяналтын шугамд өрнөж буй террорист халдлага, нөхцөл байдлын талаар Монгол Улс дахь БНЭУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэш Бабу өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийв.

БНЭУ-ын Гадаад хэргийн яам болон Батлан хамгаалахын яам хамтран 9 дүгээр сарын 29-нд энэ асуудлаар албан ёсны мэдээлэл хийсэн аж. Уг мэдээллийг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргэх зорилгоор Элчин сайд Сүрэш Бабу сэтгүүлчдэд хандаж байгаа аж.   

Тус улсын Гадаад хэргийн яам болон Батлан хамгаалахын яамнаас өгч буй мэдээлэлд “Бид байнга сануулж байгаа боловч Пакистаны тал өөрсдийн газар шороо, нутаг дэвсгэрийг Энэтхэгийн эсрэг терроризмд ашиглахыг үл зөвшөөрнө, манай нутаг дэвсгэр рүү нэвтрэх, террорист үйл ажиллагаа явуулахгүй байна гэсэн 2004 оны нэгдүгээр сард гаргасан нотолгоогоо бүрэн хэрэгжүүлэхгүй байна. Террористууд Энэтхэгийн хилийн дагуух Жамму, Кашмирын Хяналтын шугамын дагуу нэвтрэх нь үргэлжилсээр, бүр ч улам ихэссээр байна. Энэ нь Пуунч болон Урид 9 дүгээр сарын 11, 18-нд болсон террорист халдлагуудаар тус тус илэрсэн бөгөөд жилийн турш ойролцоогоор бараг 20 орчим удаа нэвтрэх оролдлогыг Энэтхэгийн Арми амжилттай илрүүлэн устгасан” гэжээ.

Баривчлагдсан террористууд нь Пакистаны газар нутаг, түүний хяналтад байдаг Кашмирын бүс нутагт болон Пакистаны хяналтад байдаг нутаг дэвсгэр дээрх террорист бэлтгэдэг, цэргийн дадлага, сургуулилт хийлгэдэг газруудад харьяалагддаг болохоо хүлээн зөвшөөрчээ.

Энэтхэгийн армийн цэргүүд алан хядагчдыг нэвтрэн орж ирэхээс сэргийлж, сөргөлдөөнөөс гарах үр дагаврыг үндсэндээ хязгаарлан барьж, ихэнх нэвтрэх оролдлогыг тус газруудад устгаж байгаа бөгөөд маш өндөр сонор сэрэмжтэй ажиллаж байгаа аж.

Түүнчлэн “Энэтхэгийн цэргийн хүчин ноцтой байдал үргэлжилбэл түүний эсрэг байнгын бэлэн байдалд байх болно. Энэтхэг улс энэхүү бүс нутгаа энх тайван, амар амгалан байлгахыг зорьж байгаа. Гэхдээ бид террористуудыг Хяналтын шугам даван алан хядах үйл ажиллагаа явуулах, манай улсын ард иргэд рүү довтлохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж уг мэдээлэлд дурджээ.

Энэтхэгийн зүгээс терроризмтой тэмцэж, таслан зогсоож буй хэдий ч байдлыг хурцадтах, дайны байдалд шилжихээс эмээж, зайлсхийж байгаагаа уг мэдэгдлээр тодотгожээ. Мөн  Пакистаны тал 2004 оны нэгдүгээр сард гаргасан “Өөрийн газар шороо, нутаг дэвсгэрийг Энэтхэгийн эсрэг терроризмд ашиглахыг үл зөвшөөрнө” гэсэн амлалтаа хүндэтгэн үзэж, Пакистаны арми хамтран ажиллаж, терроризмын аюул заналыг арилгахыг хүсч байгаагаа олон улсад мэдэгдэж буй аж.

Монгол Улс дахь Энэтхэгийн Элчин сайд Сүрэш Бабу “Засгийн газар дээрх байр сууриа гадаад дахь Энэтхэгийн дипломат байгууллагуудаар дамжуулан улс орнуудад хүргэхээр зорьж байна. Цэргийн хүчийг ашиглаж, улс төрийн бодлогоо явуулах гэсэн Пакистаны олон жил үргэлжилж байгаа оролдлогыг дэлхийн улс орнуудын иргэдэд ойлгуулах хэлбэрээр тодорхой хэмжээний дарамт шахалт үзүүлэх бодлого барьж байгаа. Энэтхэгийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд ямар хүч шаардагдана түүнийг бид зарцуулна. Дуртай үедээ хяналтын бүсийг шууд нэвтрэн орж ирж Энэтхэгийн бүс нутагт энгийн ард иргэдэд цэргийн халдлага үйлдэж байгаа явдлыг бид зогсооно. Энэтхэгийн хил болон хяналтын бүс нутагт нөхцөл байдал хүндэрч байгаа. Гэхдээ бид асуудлыг улам хүндрүүлэх хүсэлгүй байна. Бид хөрш Пакистан улстай Энэтхэгийн хилийн бүс болон Хяналтын бүсийг нэвтэрч халдлага үйлдэх, оролдлого хийхгүй байх талаар хамтарч ажиллах хүсэлтэй байна. Түүнчлэн бид дэлхий дахины нөхөрсөг харилцаатай улс орнуудад хандаж, Энэтхэгийн хил дээр өрнөж буй үйл явдлыг тайлбарлан таниулж, Пакистанд болж буй террорист халдлагын тодорхой хэмжээнд бууруулах талд дэлхийн нийтийг анхаарлыг хандуулахыг эрмэлзэж байна” гэсэн юм..

Мэдээллийн төгсгөлд Элчин сайд Сүрэш Бабу сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Халдлага гарч буй бүс нутагт амьдарч буй монголчууд бий юу?

-Бидэнд ирсэн баталгаатай мэдээллээр энэ бүс нутагт монгол иргэд байхгүй. Мөн халдлагад өртсөн монгол хүн байхгүй.

-Терроризмын эсрэг явуулж буй Энэтхэгийн бодлого юу байна вэ? Халдлага гарч буй бүс нутаг руу цэргийн хүчээ зузаатгасан уу?

-Сүүлийн 30 жилд Энэтхэг терроризмын хохирогч орон болж хувирлаа. Ялангуяа Пакистаны газар нутагт терроризмд суралцсан хүмүүс маш их халдлага үйлдэж байна. Энэтхэгийн Жамму, Кашмир гэж маш тайван, байгалийн үзэсгэлэнт муж байдаг. Гэвч терроризмын улмаас тэнд амьдарч байгаа олон тооны хүмүүс, энгийн иргэд амь насаа алдлаа. Энэтхэгийн Засгийн газар терроризмтой тэмцэхэд боломжтой бүх хувилбараар дэлхийн улс орнуудтай гэрээ хэлцэл хийж, хамтарсан хөтөлбөр боловсруулж байна. Хоёр тал, олон талын хүрээнд болон НҮБ-ын индэрийг ашиглаж энэ бодлогыг явуулж байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди өнгөрөгч долоо хоногт олон нийттэй уулзахдаа “Дахин ямар ч терроризмыг бид дахин хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн. Гэхдээ тус бүс нутагт цэрэг нэмж татсан болон зузаатгасан цэргийн хөдөлгөөнийг одоогоор хийгээгүй байна. Хэрэв шаардлага гарвал бид арга хэмжээ авч болно. Манай арми байнгын бэлэн байдалд байгаа.  

Бид аль болох нөхцөл байдлыг дэвэргэхгүй, хяналттай байлгах талаар анхаарч байгаа. 2004 онд Пакистаны Засгийн газраас гаргасан Энэтхэгийн эсрэг өөрийн нутаг дэвсгэрээс халдлага гаргахгүй гэсэн амлалтдаа хүрээсэй гэж байнга шаардаж байгаа.

-Терроризмын улмаас хэчнээн энгийн иргэн болон цэргийн албан хаагч хохирол амсаад байна вэ?

-Сүүлийн 25 жилийн туршид 1000 гаруй хүн амь насаа алдсан тоо бий. Хамгийн сүүлд Үри-д болсон халдлагад 20 энэтхэг цэрэг нас барж, найман цэрэг шархадсан. Бидэнд учирсан хохирлын нарийвчилсан тоо баримт бий. Нас барсан болон шархадсан хүний тоо байнга нэмэгдэж байна.

-Энэтхэг 30 жилийн хугацаанд терроризмтой тэмцэж байна гэж байна. Манай улсын хувьд энэ аюулаас сэргийлэх, тэмцэхэд ямар бодлого баривал илүү үр дүнтэй талаар Энэтхэгээс өгөх зөвлөмж бий юу?

-Олон хүчин зүйлсээс шалтгаалан терроризм Азийн төдийгүй дэлхийн асуудал болж хувирлаа. Монгол бол энх тайванч орон. Тиймээс терроризмын аюул заналхийлэхгүй байх гэж найдаж байна. Гэхдээ монголын ард түмнийг Энэтхэгийн Засгийн газар терроризмын эсрэг тэмцэж буй энэтхэгчүүдтэй оюун санаагаа нэгтгэхийг хүсч байна.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ