Галт зэвсэг ашиглан дээрэм хийсэн этгээдүүдийн хоёрыг нь баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-10 15:04:51

Цахим сүлжээгээр тараад байгаа хэсэг хүнийг хутгалж, гэмтээн эд хөрөнгө, 40 сая төгрөгийг нь дээрэмдсэн гэх мэдээллийн мөрөөр ЦЕГ-аас тодрууллаа. Дээрх хэрэгт холбоотой этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна.

ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгийн мэдээлснээр, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо өнгөрсөн шөнө 02.00 цагийн орчимд хүмүүс зодолдоод байна гэсэн тусламжийн дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид очиход, тус хорооны нийтийн орон сууцны нэг давхарт байсан 10 залууд  иргэн А, Б нарын зургаан хүн буу тулган сүрдүүлж, залуусыг хутгалан 40 сая төгрөг болоод бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагчид болон ЭЦГ-ын хүчнийхэн шуурхай ажиллаж сэжигтэн А,Б нарыг газар дээр нь баривчилжээ. Саатуулагдан шалгагдаж буй сэжигтэн А, Б нарыг Эрүүгийн хуулийн 147.3 дугаар зүйл ангиар ...“Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж 10-аас дээш 20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” ... гэж буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хутгалуулсан иргэдийн биеийн байдал нь хүнд байгаа нь үнэн. Сэжигтэн А нь өнгөрсөн намар өршөөлөөр суллагдсан бол сэжигтэн Б нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар буюу  “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” заалтаар буруутгагдан хэрэг нь шүүхийн шатанд байх явцад дахин эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж Ё.Лхагвасүрэн хэллээ. Цагдаагийн байгууллага гэмт этгээд дээрэм хийхдээ ашигласан галт зэвсгийг хаанаас олж авсан болоод дээрэмдүүлсэн 10 залуу олноороо шөнийн цагаар юу хийж байсан, дээрэмдүүлсэн гэх их хэмжээний мөнгө нь хууль бус байсан уу зэргийг шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ