Наадмын нээлтэд 3D тайз ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-24 09:52:54

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт болоход ердөө 17 хоногийн хугацаа үлдэв.


Жилээс жилд наадмын нээлт, бөхийн барилдаан монголчуудын анхаарлыг зүй ёсоор татдаг. Тэгвэл энэ жил орчин үеийн шилдэг, шинэ технологи ашигласан задгай шоуг үзүүлэхээр төлөвлөжээ. 2024 оны наадамд 2.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн.


Нээлтийн талаар Үндэсний их баяр наадмын ерөнхий продюсер Г.Маргад-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдалын удирдлага дор залуу уран бүтээлчид нэгдэж, шинэ дэвшилтэт технологийг ашиглан бүрэн автомат 3D театр, тайзан дээр хөгжимт жүжгийн хэлбэрээр уран бүтээлээ ард түмэнд хүргэхээр ажиллаж байна. Бид багаараа шинэлэг санаануудаа ярилцаж, аль болох өмнө нь үзэгдээгүй өвөрмөц шийдлийг гаргах гэж хичээсэн.


Бүрэн автомат 3D тайз маань үзэгчдэд илүү сонирхолтой мэдрэмжийг төрүүлнэ гэж найдаж байгаа. Жил бүрийн наадмын нээлтийн зохиомж гар ажиллагаа ихтэй, тайз нь механик хөдөлгөөнтэй явж ирсэн. Энэ удаад бүрэн автомат тайз засаж, сүүлийн үеийн үзүүлэлттэй бөмбөгөр дэлгэцээр графикчдынхаа бэлтгэсэн зохиомжийн дагуу зургаан бүлэг хэсэг зураглалыг гаргаж үзүүлэх юм. Хөгжимт жүжгийн зохиолоор эртний түүхийг эдүгээгийн амьдралын онцлог хэв маягтай хослуулахаар зохиомжилсон гэсэн үг.


Мөн луу жил тохиож буй тул 3D дэлгэцээр Архангай аймгаас олдсон луугийн хүрэл бүтээл, галт шувуу гарч ирнэ. Тайз тэр чигтээ түүхэн олдворуудаас бүтнэ” гэв.

Холбоотой мэдээ