ХӨВСГӨЛ: Урандөш зуслан хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хүүхэд багачуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлдэг Урандөш зуслан энэ сарын 5-наас ажиллаж эхэллээ.
Нэг ээлждээ 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Урандөш зуслан энэ жил амрагч хүүхдүүдэд зориулан хувь хүний хөгжил, урлаг спорт, монгол өв уламжлал, англи хэл, авьяас чадварыг хөгжүүлэх олон хөтөлбөрийг багтаасан байна.
Тухайлбал, гадаад багштай англи хэлний анхан, дунд шат, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театртай хамтран жүжиг, авьяасыг нээн хөгжүүлэх хөтөлбөрт байгалийн сайханд амрангаа хамрагдана.
Цаашид амрагч хүүхдүүдээ өвөл хүлээн авах байр барьж, жилийн дөрвөн улиралд ажиллахаар төлөвлөж байна гэдгийг Урандөш зуслангийн захирал М.Сарангэрэл ярилаа.
Урандөш зуслан
1980 онд үүдээ нээж, Хөвсгөл аймгийн сум бүрээс төдийгүй зэргэлдээ Булган, Орхон, Архангай, Завхан аймаг, Улаанбаатар хотоос хүүхэд багачууд зорин
ирж, жилд 2000 орчим хүүхэд амардаг байжээ.