Дөрвөн жилийн хөтөлбөр зорилтоо тодорхойллоо

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-10-08 15:09:58

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус гуравдугаар хуралдаан болж аймгийн Ерөнхий аудитор, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албад, сумдын удирдлагууд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба болон орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

Хуралдаанаар аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай, аймгийн ИТХ, тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэл батлах тухай, аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай зэрэг гурван асуудлыг хэлэлцэв. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хуралдааныг нээж хэлэхдээ “Иргэд, сонгогчдынхоо итгэл найдварыг хүлээж сонгогдсон Төлөөлөгчид аймаг, орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж орон нутгийн төсвийн орлогыг хэмнэлтийн горимын дагуу оновчтой зөв хуваарилж үр ашигтай ажиллаж төрийн ажилд иргэдийн санал санаачилга, оролцоог нэмэгдүүлж аж амьдралыг сайжруулахад бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх бодлого, зорилт, чиглэлээ баталж хэрэгжүүлж  ажиллах эрхэм үүрэгтэй” хэмээн онцлов. 2016 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 18131.7 сая, зарлагыг 19396.5 сая, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1066.6 сая, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая, орон нутгийн хөгжлийн санг 4722.7 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 31,769.8сая төгрөгөөр тус тус баталлаа. Мөн аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны Үндсэн чиглэл нь нийт  5 бүлэг, 45  зүйл, заалтаас бүрдэж байна.

Харин аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийт 8 бүлэг, 11 дэд бүлэг, 137 зорилт бүхий хөтөлбөр болгон баталлаа. Ийнхүү аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 3 дугаар хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын ирэх 4 жилд баримталж ажиллах бодлогын баримт бичиг батлагдсанаар Дархан хотын их бүтээн байгуулалтууд үргэлжлэх юм. 

                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ