Монголын Z үеийнхэн хөдөлмөр эрхлэлт, боловсролын түвшнээрээ дээгүүрт орж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны
зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дэлхийн
нийт хүн амын 32 хувийг Z буюу шинэ мянганы дараа үеийн хүүхдүүд эзэлж байна. Харин манай улсад
энэ үеийнхэн хүн амын 15 хувийг эзэлж буй тухай “Эм Эм Си Жи
консултинг” судалгааны компанийн Бизнес хөгжлийн хэлтсийн захирал Д.Отгонтуяа мэдээллээ.
Тэрбээр, Монголын
Хэвлэлийн хүрээлэнд болсон “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр” хэлэлцүүлэг
уулзалтад “Монголчуудын медиа хэрэглээ: Амьдралын хэв маяг” сэдэвт судалгааг
танилцуулсан юм.
Монголын Z үеийнхний хөдөлмөр эрхлэх, хамрагдах, боловсрол эзэмших байдал бусад орныхтой харьцуулахад өндөр түвшинд байгааг дуулгалаа. Мөн сошиалд хамрагдах байдлаар дээгүүрт орж байна гэв. Манай улсад Z үеийн 85 хувь нь хөдөлмөр эрхэлж, боловсрол, сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй тухай судалгаа байна.
Түүнчлэн шинэ үеийн
хүүхдүүд цахим орчинд ихэнх цагаа өнгөрүүлж буй нь судалгаанаас харагдав. Ялангуяа, тэд инстаграмын хамгийн идэвхтэй хэрэглэгчдэд тооцогдож байна. Нийгмийн
мэдээллийн сүлжээний инстаграмд тэдний 53 хувь нь өдөр бүр ордог, 25 хувь нь
тэндээс мэдээлэл авдаг байна. 28 хувь нь цахим худалдан авалт хийдэг гэсэн
судалгаа гарчээ.
Цаашилбал, Z үеийнхний 62 хувь нь солонгос кино үздэг, 25 хувь нь К-рор урсгалын хөгжим сонсох дуртай, ерөнхийдөө БНСУ-ын контентуудыг үзэх нь их байна. 33 хувь нь и-спорт сонирхдог аж.
Олон улсад баримталж буй тодорхойлолтоор, 1997-2010 онд төрсөн хүүхдүүдийг Z үеийнхэн гэдэг.