“Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Франц хэлтэн улсуудад өргөн тэмдэглэдэг хөгжмийн баярыг тохиолдуулан “Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөгийг энэ сарын 8-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
Тус өдөрлөгт франц хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компаниуд байгууллагаа танилцуулж, Францад суралцах талаар мэдээлэл өгөх юм.
Мөн урлагийн тоглолт, open mic, төрөл бүрийн тэмцээн, хөгжөөнт тоглоом гэх мэт сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулна. Жуулчдад зориулсан үнэ төлбөргүй франц хэлний хичээл болон сургалтад хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол-Францын төвтэй хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтнүүдийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.