Охидууд "цалингүй" гэрийн ажилд 40 хувиар илүү цаг зарцуулдаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-07 12:41:51

НҮБ. /ВВС/. Охидын хувьд хөвгүүдтэй харьцуулахад 40 хувиар илүү хугацаагаар гэрийн ажил хийж байна гэж НҮБ-ын агентлагийн шинэ тайланд дурджээ.

ЮНИСЕФ-ийн тооцоолсноор, дэлхийн хэмжээнд охид болон хөвгүүдийн ажлын цагийн зөрүү өдөрт 160 сая цагаар хэмжигдэж байна.

Дэлхийн хэмжээнд гурван охин тутмын хоёр нь хоол хийж, гэр орноо цэвэрлэдэг бол охидын бараг тал хувь нь ус болон түлээ мод зөөх ажлыг хийж байна. 

Тэд мөн хөгшид болон хүүхэд асрах зэрэг “үл анзаарагдах” гэрийн ажлыг хөвгүүдээс илүүтэйгээр хийдэг гэж уг тайланд дурджээ.

Мөн уг тайланд “бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй насанд байгаа охидоор ус, түлээ зөөлгөх зэрэг ажлуудыг хийлгэж байна” гэжээ.

Сомалид л гэхэд 10-14 настай охид долоо хоногт 26 цагийн хугацаагаар гэрийн ажил хийдэг аж. Өөр аль ч улсад өдий насны охид ийм олон цагаар гэрийн ажил хийдэггүй аж. Буркина-Фасо болон Йеменд мөн охид, хөвгүүдийн ажлын цагийн ялгаа асар их байна.

ЮНИСЕФ-ийн мэргэжилтэн Анжу Малхотра хэлэхдээ “охид сурч боловсрох, өсч том болох, хүүхэд насаа зүгээр л дурсамжтай өнгөрөөх эрхэм нандин цаг үе, чухал боломжоо золиосолж байна” гэв.

Хүчирхийлэлд өртөх, насанд хүрээгүй байхдаа гэрлэх, эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх (female genital mutilation) болон боловсрол зэргийн талаарх мэдээллийг багтаасан уг тайланг 10 дугаар сарын 11-нд болох Олон улсын охидын өдрийн өмнө гаргажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ