Үерийн гамшигт бэлтгэлтэй байх арга хэмжээ авахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-05-29 12:30:54

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим болон дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. 


Иймд уруйн болон гол, мөрний үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, байгалийн гэнэтийн үзэгдэлд бэлтгэлтэй байхыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. 


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд “2024 оны зуны цаг агаарын урьдчилсан төлөв”-ийг  танилцуулжээ. Тэрбээр, "Сүүлийн жилүүдэд усархаг аадар бороо, мөндөр гэнэт орох, үер буух, нөөлөг салхи ихсэх төлөвтэй байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна. Иймд мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээллийг амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэж занших, үер, усны аюулаас сэрэмжилж хонхор хотгор газар, голын татамд буухгүй байх, нөөлөг салхи, үер ус, аянга цахилгаанаас хамгаалах уламжлалт болон дэвшилтэт аргуудыг хэрэглэх зэргээр бэлтгэлтэй байх хэрэгтэй байна" хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээг эш татан анхааруулжээ.


Холбоотой мэдээ