Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгохыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар цэцийн 09 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль болсон бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Иймд УИХ-ын чуулганаар цэцийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авсан юм.
Орон нутгийн сонгууль дөхөж байгаатай холбогдуулан сонгууль эхлэхээс өмнө Сонгуулийн тухай хуулийн уг заалтыг хүчингүй болгохыг байнгын хороо дэмжлээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ