“Мэтью” хар салхи АНУ-ын зүүн өмнөд эрэг рүү дөхөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-10-06 11:15:04

НЬЮ-ЙОРК./TASS/. “Мэтью” хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан Америкийн зүүн эргийн дагуух дөрвөн муж улсын 2 сая орчим оршин суугчдад нүүхийг анхааруулсан байна.  

Тодруулбал, Флорида, Жоржиа, Хойд Каролина болон Өмнөд Каролина муж улсуудын эргийн дагуу оршин суудаг иргэдэд нүүхийг зөвлөжээ. Одоогийн байдлаар, Өмнөд Каролина муж улсад 250 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бол ойрын үед энэ тоо 500 мянгад хүрэх төлөвтэй байна.

Дээрх муж улсуудад онцгой байдлын дэглэм тогтоожээ. Флоридад гэхэд Үндэсний гвардийн бэлтгэл хүч болох 6 мянган хүнийг бэлэн байдалд оруулсан байна.

American Airlines, Delta Air Lines, United Airlines, Southwest Airlines гэсэн Америкийн агаарын тээврийн компаниуд зүүн өмнөд нутгийн хотуудаас хийх нислэгүүдээ цуцалжээ.

"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, Мэтью хар салхины улмаас Карибын тэнгисийн сав газрын орнуудад 25 хүн амиа алдсанаас Гаитид 19 хүн, Доминиканд 4 хүн амь үрэгджээ.

Атлантын далайд дэгддэг хар салхины улирал хагас жил буюу 6 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 30 хүртэл үргэлжилдэг. Шуурганы төвд салхины хурд 118 км/цагаас дээш байвал хар салхи дэгдлээ гэж үздэг ажээ.

Х.Сарнай

 



 

Холбоотой мэдээ