Г.Ананд: Шинэ нисэх буудлын хурдны зам 2018 онд ашиглалтад орно
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газраас Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг авто зам нь 32.226 км урт, 32.5 м өргөн асфальтбетон хучилттай, 2 урсгал 6 эгнээтэй болох юм.Хурдны замын 22.5 км замын зураг төсөл батлагдсан бөгөөд үлдсэн хэсгийн зураг төсөл батлуулах шатанд байна.
Зураг төсөл нь батлагдсан эхний 22.5 км замд барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа юм. Төслийн явцын талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Анандаас тодрууллаа.
-Хөшигийн хөндийд барьж буй Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын хэрэгжилтийн талаар танилцуулна уу?
-Монгол Улсын засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын барилгын ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Төмөр замын 4 дүгээр групп компани шалгарч, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Зам, тээврийн яамтай түлхүүр гардуулах гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн. Одоогоор ажил зураг төсөл боловсруулах болон авто замын барилга гэсэн хоёр үе шаттай зохион байгуулж байна. Зураг төслийг 4 хэсэгт хуваан хэсэгчлэн гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар 22.5 км замын зураг төсөл батлагдаж, энэ хэсэгт зам барилгын ажил явж байна. Үлдсэн хэсгийн зураг төсөл батлуулах шатанд байна.
-Төлөвлөгөө ёсоор хэзээ ашиглалтад орох вэ. Хугацаандаа ашиглалтад орж амжих уу?
-Батлагдсан гэрээний дагуу нийт ажлыг 34 сарын хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой. Тэгэхээр 2018 оны 7 дугаар сарын 18-нд ашиглалтад орно гэсэн үг. Ажил батлагдсан график төлөвлөгөөний дагуу явж байна. Яармагийн товчоо-Өндөрдов чиглэлийн авто замын их засвар, шинэчлэлт болон Өндөр дов-Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн автозамыг шинээр барих ажил 2014-2015 онд хийсэн. Тэгэхээр хурдны авто зам ашиглалтад ортол шинэ нисэх буудлын зорчигч тээврийн хэрэгсэл Өндөрдов чиглэлээр явах боломжтой юм.
-Яамны зүгээс ямар оролцоотой ажиллаж байгаа вэ? Энэ ажилд хичнээн хүн ажиллаж байна вэ?
-Зам, тээврийн хөгжлийн яамнаас зам барилгын ажлын хэрэгжилт болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Одоогоор барилгын ажлын талбайд гүйцэтгэгч болон хяналтын зөвлөх компанийн нийт 400 орчим хүн ажиллаж байна. Захиалагчтай байгуулсан зөвлөхийн үйлчилгээний гэрээний дагуу зөвлөхийн багийн 6 хятад инженер, 12 Монгол инженер техникийн ажилтан авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналт тавьж байна.