Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчийг Таиландад баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-10-05 11:54:38

ХОНКОНГ. /BBC/. Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгийг Бангкок хотод  ирэхэд нь баривчлан саатуулсан тухай түүний удирддаг улс төрийн нам мэдэгджээ.

Хонконгийн “Suvarnabhumi” нисэх онгоцны буудалд Ж.Вонгийг саатуулсан гэж Демосисто намын мэдэгдэлд дурджээ.

Бангкок хотод Ж.Вонгийг ирэхийг урьсан Таиландын тэмцэгч оюутан Нетивет Чойтипатпайсал түүнийг хүлээж байсан байна.

Жошуа Вонг бол 2014 онд болсон Хонконгийн ардчиллын төлөөх жагсаалын нүүр царай болсон залуу билээ.  Тэрбээр “Umbrella Movement” буюу "Шүхэрт хувьсгалын хөдөлгөөн" гэдэг бараг гурван сарын турш үргэлжилсэн олон нийтийн жагсаалыг зохион байгуулагчдын нэг юм. Энэ хөдөлгөөн намжсаны дараа түүний үүсгэн байгуулсан Демосисто нам Хонконгийн бие даасан байдлын төлөө тэмцсээр байна. 

Н.Чойтипатпайсалын урилгаар Таиландыг зорьсон 19 настай тэмцэгч Ж.Вонг 1976 онд оюутнуудыг үй олноор нь хөнөөсөн явдлыг нэхэн дурсах 40 жилийн ойн хүрээнд “Chulalongkorn” их сургуульд зочлон оюутнуудад хандан үг хэлэх ёстой байсан ажээ.

Сүүлийн жилүүдэд Таиланд улс Хятадын эрх баригчидтай хамтран ажиллаж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Өнгөрсөн онд НҮБ-аас дүрвэгчийн статус авсан Хятадын хоёр тэрсүү үзэлтнийг улс орноосоо гаргасан Таиландын эрх баригчдыг НҮБ буруушаасан юм. Энэ хоёр хүн Таиландад хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр саатуулагдаад байсан бөгөөд тэднийг Хятад руу буцаасан бололтой.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ