ДОРНОГОВЬ: Гүнжийн зам

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-23 13:18:01

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 23/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутгийн урд хэсэг буюу хилийн бүс Хөвсгөл, Хатанбулаг сумын нутгаар “Гүнжийн зам” хэмээх түүхэн үнэнийг өгүүлэх зам байжээ.


Их хүрээ-Бээжинг холбосон хамгийн дөт зам тус нутгаар дайран өнгөрдөг ба үүнийг тухайн үед “Гүнжийн зам” хэмээн ярьдаг байсныг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Чойнорын Сүрэн агсан өөрийн дурдатгал “Зоривол бүтнэ” номдоо дурдсан байдаг. Эл номоос эш татвал “Манай нутгаар их хүрээ Бээжинг холбосон их зам дайран өнгөрдөг.


Үүнийг миний багад “Гүнжийн зам” гэдэгсэн. Говь талыг нэвтлэн ухаа толгодыг дамжин алс тэртээд бүдгэрэн замхарсан тэр их хөлийн зам алс холд тэмүүлэх үзүүр хязгааргүй хүслийг цаг ямагт төрүүлдэг төдийгүй үүнийг дагаад холын хол алсын алсад явчихмаар санагддаг сан.


Хөдөөгийн буйд хязгаар, үлгэр домгийн ертөнц, эртний түүх өгүүлсэн тэр их зам миний багад насны мөрөөдөл хөнгөн гуниг байж дээ" гэх мэтээр өгүүлсэн байдаг. Түүх сөхвөл Гүнжийн замаар халхын ноёдод хатан болгон шагнасан Манжийн хааны гүнж нар хиа дагуултайгаа морилон өнгөрдөг байж.




Хожмоо хятадын гамин цэрэг энэ замаар зэр зэвсэг агсан ирж бужигнуулж байснаа мөн л зугтаан одож байжээ. “Гүнжийн гэх тодотголтой энэ зам нутгийн ард иргэдэд уулгалан довтлох дайсан мэт айдас түгшүүр төрүүлж, заримдаа баяр баяслыг авчран, сайн муу олон хэлийн чимээг өгч байсан нь түүхэн үнэн билээ. Зүг чиг нь алсарсан элсэн их говь, их говийг ороож тогтсон аараг толгод, толгодын дундуур сүлжсэн хөсөг тэрэгний дугуйн мөр хэдийгээр бүдгэрсэн ч өнгөрсөн түүхийн сэжмийг эргүүлэх шиг тодхон.


Гүнжийн замаас цааш хэдэн морь өртөө газар Хатны булаг хэмээх түүхэн үйл явдал хийгээд үлгэр домог багтаасан сонирхолтой газар байх нь XV зууны үеийн Монголын домогт Хатан Мандухайн үйл хэргийг өгүүлсэн түүх археологийн шинэ судалгааны ажлыг түүхчид хийж дуусаад байна.


Тиймээс Их эзэн Чингис хааны төрт улсаас өгсүүлээд Богд хаант Монгол Улсын төрийн үйл хэргийг ч гэрчлэх олон баримтыг энэ замаас сонирхож болох. Учир нь Чингис хаан Тангуд Улсыг дайлаар мордохдоо өмнө зүг энэ замаар аялж явсан бол Манж Чин гүрний хувьд нэр нь өөрчлөгдөж, Гүнжийн зам хийгээд Бээжин Их хүрээг холбосон морин өртөө бүхий дөт зам болон хувирч байжээ.


Энэ замыг харуулдан өссөн нутгийн хүүхэд багачуудаас Монголын төрд зүтгэсэн  улс төрийн зүтгэлтнүүд, сайд, урлаг спорт, шинжлэх ухааны зүтгэлтнүүд олноор төрөн гарсан байдаг.




Тухайлбал, Хөвсгөл сумын харьяат Ардын хувьсгалын Партизан Сүхээ, Эрүүлийг хамгаалахын сайд, доктор Ж.Шийнэн, академич Н.Ишжамц, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн физикийн доктор Ч.Цэрэн, геологийн ухааны доктор академич О.Төмөртогоо, богино өгүүллэгийн мастер зохиолч Ж.Лхагва зэрэг нэр алдар нь түгсэн олон хүмүүсийг дурдаж болно. Орчин үед энэ замаар нүүрс ачсан тээврийн машинууд урд хойноо орон давхидаг болжээ.  

Холбоотой мэдээ