ДОРНОГОВЬ: "Музейтэй Дорноговь" сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-22 15:46:44

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Музейтэй Дорноговь" сарын аяныг аймгийн Музей, сургалт судалгааны төвөөс өнөөдөр зохион байгуулж байна.


Нэг сарын хугацаанд үргэлжлэх аяны нээлтийг Дорноговь аймгийн Политехник коллежийн оюутнуудын хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр эхэлж байна.


Тус коллежийн Б.Түвшинтөр багштай Бэлэг дурсгалт зүйл урлалын ангийн 2 дугаар дамжааны оюутнуудын бүтээсэн уран зураг, гар урлал, хайчилбар, сийлбэр зэрэг олон төрлийн бүтээлийг үзэсгэлэнгээс сонирхож боломжтой.


Политехник коллежийн оюутнууд суралцахын хажуугаар практик дадлагыг байнга хийдэг нь сургуулиа төгсөөд тухайн мэргэжлийнхээ чиглэлээр ажиллах чадварыг бүрэн эзэмшиж төгсдөг давуу талтай. 


Ташрамд "Музейтэй Дорноговь" аяны хүрээнд аймгийн Музей, сургалт судалгааны төвөөс өв соёл, уламжлал, урлаг уран сайхны чиглэлээр олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Холбоотой мэдээ