ХОВД: Эх, хүүхдэд зонхилон тохиолдох өвчлөл, эндэгдлийг бууруулах талаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-18 12:33:08

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр бүсчилсэн сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ удаа Ховд аймагт зохион байгуулсан сургалтад Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эх баригчид болон иргэдийн төлөөлөл 100 орчим хүн хамрагдлаа.

Сургалтын явцад эхийн эндэгдэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэлд эзлэх сэргийлж болох шалтгааныг хэлэлцэн, зонхилон тохиолдох өвчлөл, эндэгдлийг бууруулах талаар мэдээлэл солилцжээ.


Ховд аймагт жилд дунджаар 1700-1800 эх амаржиж, 2000 гаруй хүүхэд төрж байна. 

Үүнээс гадна тав хүртэлх насны хүүхэд 10 мянга орчим бий.   


Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад нөлөөлөх олон хүчин зүйл байна.  

Зарим судалгаанаас үзэхэд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэлд “сэргийлж болох эндэгдэл” буюу осол, гэмтлийн шалтгаан дийлэнх хувийг эзэлдэг. Иймээс бага насны хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, оролцоог сайжруулах нь чухал юм.


Мөн цаашид 
жирэмсний хяналтыг бүх шатанд сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах, орон нутгийн эмч нарыг ажлын байрны сургалтад хамруулах, эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэх саналыг энэ удаагийн сургалтад оролцогчид хэллээ.  

Холбоотой мэдээ