ХОВД: Сангийн хэрэм доторх хогийг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-11 16:13:33

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн түүхэн дурсгалт газруудын нэг бол Сангийн хэрэм.

Хэрэм доторх овоорсон шороог тэгшилж, хог хаягдлыг нь өнөөдөр цэвэрлэсэн байна. 

Сангийн хэрэм (Сангийн хот) нь Ховд аймгийн төв талбайгаас 750 метрийн зайд 10.5 га газрыг эзлэн орших ба 300 гаруй жилийн түүхтэй, манжийн бэхлэлтийн үед барьсан хэрмийн үлдэгдэл гэдгээрээ онцлог юм. 


Түүхийн эх сурвалжид тэмдэглэснээр манж амбан, түүний түшмэл цэргүүд байрлаж байсан Сангийн хот нь цэргийн бэхлэлтийн нэгэн адил дөрвөлжин хэлбэртэй, жан цохиж хийсэн шавран хэрэмтэй. Хэрэм нь баруун, зүүн өмнө талдаа олон хаалгатай, дөрвөн буландаа алсын бараа харах асартай, хэрмийн гадна талаар тойрсон гол, түүгээр гарах модон гүүртэй байжээ.


Сангийн хотод манжийн төрийн гол  хэргэмтэн  Хэвэй амбан байрлаж монгол­ хүмүүстэй холбоотой хэргийг эрхлэн ажиллаж байв. Монгол цэргүүд 1912 онд манж хятадыг буулган авч, Ховд хотыг чөлөөлсөн түүхтэй.

Ховд хот манжаас чөлөөлөгдсөнөөс хойш Сангийн цагаан хэрэм нурж, одоо зөвхөн эмтэрхий туурь үлдсэн. Сангийн хэрмийн хананы үлдэгдэл нь 3 м өндөр, 1.5 м зузаан бөгөөд тал тус бүр нь 330 метрийн урттай юм. Сангийн хэрмийн хамгаалалтын зурвасыг 1911 оны үед битүү Улиас тарьж байгуулсан байжээ. Их түүх агуулах Сангийн хэрмийг гадаад, дотоодын аялагч, жуулчид үзэж сонирхох тохиолдол олон бий.

Сүүлийн үед Сангийн хэрэм хогонд дарагдсан байгаа талаар нутгийн зарим иргэн шүүмжилж, хамгаалалтыг сайжруулах саналыг хэлж байсан.


Тэгвэл энэ удаа Жаргалант сумын ЗДТГ, "Шинэ Ховд Жаргалант" ТҮК, Хот тохижуулах газрын ажилтнууд болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчид хамтран Сангийн хэрмийн доторх хэсгийн хогийг цэвэрлэж, овоорсон шороог түрж тэгшлэх ажлыг гүйцэтгэжээ.
  

Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр орчны өнгө үзэмжийг сайжруулах боломж бүрдэж байна.  

Холбоотой мэдээ