Сарны цаг хугацааг тооцоолох нэгдсэн стандарт бий болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-04-04 15:38:30

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /BBC/. Манай гаргийн дагуул Сарны цаг хугацааг тооцоолох нэгдсэн стандарт буюу Сарны тохиргоот цагийг (LTC) бий болгохыг Цагаан ордноос НАСА-д даалгажээ. Энэ нь дэлхийн цагийн бүсийг тогтоодог шиг системтэй адилгүй бөгөөд Сарны өөрийнх нь цаг хугацааг тооцоолох систем байх аж.


Сарны таталцлын хүч дэлхийнхээс бага тул тэнд цаг хугацаа илүү хурдан өнгөрдөг. Бүр тодруулбал дэлхийнхээс өдөрт 58.7 микросекундээр түрүүлдэг бөгөөд 46-47 жилийн хугацаанд нэг секундийн зөрүү нэмэгдэж хуримтлагддаг гэсэн үг. 


Өнгөц харахад энэ нь тийм ч их зөрүү биш боловч сансрын нислэгийг синхрончлоход чухал ач холбогдолтой ажээ. "Манай Орчлон ертөнц дэх таталцлын үндсэн онолоос чухал дүгнэлт гардаг. Энэ нь цаг хугацаа Орчлон ертөнцийн өөр өөр орон зайд өөр өөрөөр урсан өнгөрдөг гэдгийг тайлбарладаг. Саран дээрх таталцлын хүч бага зэрэг сул, тэнд цаг хугацаа өөр байдлаар өнгөрдөг" гэж Шотландын одон орон судлаач, профессор Кэтрин Хейманс ВВС-д өгсөн ярилцлагадаа тайлбарлав.


Манай гараг дээр цаг хугацааг дэлхийн өнцөг булан бүрд байрлах хэдэн зуун атомын цагаар хэмждэг бөгөөд тэдгээр нь атомуудын өөрчлөгдөж буй энергийн төлөв байдлыг илрүүлж, цагийг наносекундийн нарийвчлалтайгаар бүртгэдэг. Хэрэв эдгээр атомын цагийг Саран дээр байрлуулах аваас хагас зуун жилийн дараа дэлхийнхээс нэг секундээр түрүүлэх аж.


“Саран дээр атомын цагууд Дэлхий дээрхээс өөр хурдаар явна. Тиймээс сансрын өөр биет рүү, жишээлбэл, Сар эсвэл Ангараг руу нисэх үед өөрийн гэсэн тооцоолол байх нь зүйтэй” гэж НАСА-гийн сансрын холбоо, навигацийн газрын дарга Кевин Коггинс ярилаа. 


НАСА бол сарны цагийг нэвтрүүлэхийг зорьж буй цорын ганц байгууллага биш юм. Европын сансрын агентлаг мөн өөрийн цаг хэмжүүрийн системийг боловсруулж байна. Тиймээс шинэ цагийн тухайд зөвшилцөж, зохицуулах байгууллагыг бий болгох хэрэгтэй болно. Энэхүү зохицуулах үүргийг одоогоор Олон улсын жин хэмжүүрийн товчоо гүйцэтгэж байгаа юм. Жишээ нь, ОУСС нам тойрог замд байгаа тул уг станц дээр нийтээрээ тохиролцсоны дагуу Дэлхийн тохиргоот цагийг (UTC) ашиглаж байна.


Тохиролцох хэрэгтэй өөр нэг асуудал бол шинэ цагийн тооцооллыг хэзээнээс, хэр удаан нэвтрүүлэх вэ гэдэг асуудал юм. АНУ-ын хувьд 2026 он гэхэд буюу Сар луу сансрын нисгэгчдээ илгээхээр төлөвлөж буй "Aртемис-3" нислэгийн үеэр CLT-ийг нэвтрүүлэхийг зорьж байна.


"Aртемис-3" бол 1972 онд “Аполло 17” хөлгийн багаас хойш сансрын нисгэгчдийг Саран дээр анх удаа газардуулах НАСА-гийн хөтөлбөр юм.  Сансрын нисгэгчдийн багийг Сарны өмнөд туйлд буулгахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ бүсэд Нарны гэрэл хэзээ ч тусдаггүй учир тогоонуудад усны асар их нөөц хөлдүү хэлбэрээр байгаа гэж үздэг. Аливаа хазайлт нь сансрын хөлгийг буруу тойрог замд оруулж болзошгүй тул энэхүү даалгаврыг амжилттай гүйцэтгэхийн тулд нано секундийг хүртэл маш нарийн тооцоолох шаардлагатай болно.


Үүнээс гадна, "Aртемис-3"  бол Сар луу хийхээр төлөвлөсөн засгийн газруудын болон хувийн компаниудын экспедицийн зөвхөн нэг нь юм. Хэрэв эдгээр экспедицийн хооронд цаг хугацааны зөв зохицуулалт хийхгүй бол энэ нь өгөгдөл дамжуулах, сансрын хөлөг, хиймэл дагуул, Дэлхий хоорондын харилцаа холбоог зохицуулахад ноцтой асуудал үүсгэж болзошгүй.


Холбоотой мэдээ