“Багануур” ХК энэ онд 10 мянган мод тарьж, 100 мянган суулгац бэлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-03-15 12:20:58

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. “Багануур” ХК дэд бүтэц бүхий 5 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, улиас, бургас, шинэс, хайлаас, гүйлс, голт бор, шар хуайс зэрэг 7 нэр төрлийн 400 мянга орчим тарьц суулгацыг модлог мөчрөөр, үрээр бойжуулж байна.


Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл “Нэг сая” мод тарьж, газрын доройтлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулж, ногоон хөгжлийг дэмжихээр амласан бөгөөд энэ онд 10 мянган мод тарьж, 100 мянган суулгац бэлдэж байна. Мод тарихтай уялдуулан компанийн орон тоог 15 ажилтнаар нэмж, мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлээр байгаль орчны Гавъяат ажилтан, ойн инженер А.Доржсүрэнтэй хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө авч байгаа юм.


Түүнчлэн, 2022 оноос хойш нийт 21637 ширхэг 2-3 настай суулгацыг хамгаалалтын зурвас, голын нөхөн сэргээлтэд тарьж, хашиж хамгаалан арчилж байгаа аж. Цаашид “Нэг сая” мод тарих стратеги төлөвлөгөө боловсруулан, дүүрэг, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад мод тарихын ач тус, модыг хэрхэн арчилж ургуулах талаар сургалт танилцуулга хийхээр төлөвлөснийг "Багануур" ХК мэдээллээ



Холбоотой мэдээ