Г.Эрдэнэсүх:Төр үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-02 23:46:31

Дархан-Уул аймгийн “Сонголон хайрхан” компанийн захирал Г.Эрдэнэсүхтэй ярилцлаа.

-Манай компани анх 2008 онд байгуулагдаж аавынхаа нутгийн уулын нэрээр компаниа нэрлэсэн. 2013 оноос эхлэж Дархан-Уул аймагт барилга угсралт, барилгын үйлдвэрлэлийн чиглэлээр барилгын материалын түүхий эдийг бэлтгэн ажиллаж байна.

-Танайх чинь Дархандаа ямар ямар барилгуудыг барьсан бэ?

-Бид Дархан хотод 10 давхар орон сууцны хоёр барилга барьсан, онцлог нь гэвэл анх удаагаа бүрэн цутгамал. Манайх 2013 оноос л барилгын түүхий эдийн үйлдвэрийг оруулж ирснээсээ хойш өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж ирлээ. Үүнд хайрга, дайрга 05, 10, 20 болон 0-ээс эхлээд ер нь барилгад ордог бүхий л материалыг үйлдвэрлэж барилгын байгууллагуудад нийлүүлж байна. Цагт 1450 м3 бетон зуурмаг гаргах хүчин чадал бүхий үйлдвэртэй.

-Үйлдвэрлэсэн барилгын материалаа хаана хаана нийлүүлж байна вэ?

-Ер нь л Дархан-Уул аймгийнхаа барилгын бетон зуурмагийн хэрэгцээг аймагтаа байдаг ганц үйлдвэр гэдгээрээ ханган ажиллаж байна. Элс, хайрга, дайргаа эндээ хангаад зогсохгүй  Эрдэнэт, Сэлэнгэ, Улаанбаатар хот руу 05, 10, 20-ын фракцыныг өгч байгаа бол манайх чинь 10 вагоны ачиж буулгах төмөр замыг өөрсдийн хүчээр барьж ашиглалтад оруулсан. Тиймээс бид бүтээгдэхүүнээ төмөр замаар, авто машинаар тээвэрлэж хүргэдэг.

-Ажиллах хүч, техникийн хувьд ямар вэ? Мэдээж хангалттай мэргэжлийн боловсон хүчин, өндөр хүчин чадалтай техниктэй байж л дорвитой ажиллана биз дээ?

-Компани маань нийтдээ 120-иод ажиллагсадтай ч эдийн засгийн хямралаас үүдэж нэлээд цомхотгол хийж одоогийн байдлаар 70 гаруй хүнтэй. Өөрийн үйлдвэрлэсэн элс хайргаа зөөвөрлөх авто грейдер, өөрөө ачих ковш, 20 тоннын кран, бетон зуурмаг шахдаг комп зэрэг хэрэгцээтэй бүх техниктэй байж л энэ бүхнийг амжуулж байна даа. Яг үйлдвэр маань гэвэл Дархан хотын үйлдвэрийн дүүрэгт байдаг. Тэндээ элсээ цэвэрлэж шигшиж гаргадаг мөн тэнд чулуу бутлах үйлдвэр маань ажилладаг. Захиалга өгсөн хэрэгцээт газруудад бетон зуурмагаа зөөж өгч үйлчилдэг. Барилга байгууламжийн хувьд Дархандаа анх удаа 16 давхар зочид буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.

-Барилгын материалын олборолт хийж байгаа болохоор байгалын нөхөн сэргээлтийн асуудал яригддаг байх. Нөхөн сэргээлтийг ямар хугацаатай хийдэг вэ?

-Байгалийн нөхөн сэргээлтийг бид тухайн жилдээ багтаж буюу намартаа л хийж байхаар төлөвлөгөөндөө тусгаад хийчихдэг. Манай элсний карерь маань ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хотоос нэлээд зайдуу Ноёнхонгорт л даа. Нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийхийг тэртэй тэргүй мэргэжлийн хяналтын байгууллагаас үзэж хүлээж авдаг болохоор хийгдэхгүй байна гэсэн ойлголт байхгүй.

-Аль ч компаниуд нийгмийн хариуцлага хүлээдэг учраас орон нутагтаа их тусалдаг болж л дээ. Танайх ер нь аймаг орон нутгийн бүтээн байгуулалтад ямар хувь нэмэр оруулж байгаа вэ?

-Бид Дархан хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа, бас төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг. Тухайлбал Дархан хотын алслагдсан гэр хороололтой гуравдугаар баг буюу Тосгонд гурван км сайжруулсан зам тавилаа. Энэ зам өмнө нь нэл намаг шалбаагтай  автомашин байтугай явган хүн явахад төвөгтэй хэцүү байсан замыг өөрөөсөө багагүй хөрөнгө гарган тавьж аймгийн ЗДТГ-тай хамтарч хүлээлгэж өгсөн. Мөн сургууль, цэцэрлэг, төрийн бус байгууллагуудтай хамтарч нийгэм рүү чиглэсэн бүхий л ажилд нь ач холбогдол өгч ажиллаж байна. Түүнчлэн ажиллагсдынхаа амьдрал ахуйд нь туслаж сайн ажиллаж байгаа зургаан ажилчнаа өөрийнхөө барьсан орон сууцанд оруулж байртай болгох зэргээр нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажиллаж байна.

-Цаашид өргөжиж хөгжих талаар танайх ямар төлөвлөгөөтэй байна вэ? Ойрын үед хэр зэрэг өргөжиж тэлэх вэ?

-Улс орны эдийн засгийн байдал ямар болох нь одоогоор тодорхой биш байна. Гэвч бидэнд төлөвлөсөн зүйл их байгаа. Тухайлбал Дархандаа өөрийн гэсэн хотхон байгуулах мөрөөдөл төлөвлөгөө бий. Бид орон сууцны барилга барилаа ч байр худалдаж авах мөнгөтэй хаүн бараг байхгүй байгаа нь цаашид үргэлжлүүлж барилга барих эргэлтийн хөрөнгөгүй болж хэвийн ажиллахад бэрхшээл учирч байна.

-Барилга угсралт, барилгын үйлдвэрлэл эрхлэхэд бэрхшээл хэр зэрэг учирдаг вэ? Төрөөс ямар зохицуулалт хийвэл барилгын байгууллагуудад хэрэгтэй гэж та үзэж байна вэ?

-Ер нь бизнесийн аль ч салбараа хөгжүүлье дэмжие гэж байгаа бол ажилтай орлоготой Монгол хүнийг бий болгох ёстой. Үүнийг хийхийн тулд үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж эдийн засгийн чадамжтай болгох хэрэгтэй. Үйлдвэрлэл эрхэлдэг ямар ч газар банкнаас зээл авахгүйгээр ажиллана гэсэн ойлголт байхгүй. Харин уг зээлийг авахад тодорхой хөнгөлөлт тухайлбал хугацаа урт, хүү багатай байж л бидэнд дэмжлэг болно. Түүнээс биш жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжье гээд хэдхэн төгрөг өгчихөөд үйл ажиллагаагаа эхлээгүй байхад нь л хүүгээсээ эхлээд мөнгөний төлөлтүүдийн хугацаа нь дуусч юун өөд гарах тэгээд л дампуурдаг шүү дээ. Тиймээс төр үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих хэрэгтэй байна.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ