Орон сууцанд амьдардаг хүн хоногт 180 литр, гэр хорооллынхон 8 литр ус хэрэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-03-14 13:11:54

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд болдог Дэлхийн усны өдрийг энэ жил “Усыг энх тайвны төлөө ашиглая” урианд дор тэмдэглэн үйл ажиллагааг нэгтгэх гэж байна.


Энх тайвны төлөө гэдэг нь өнөөдөр хүн төрөлхтөн усаа хайрлан хамгаалж хэрэглэхэд уур амьсгалын хурдацтай өөрчлөлтөөс эхлээд дайн байлдаан, олон улсын хямрал, хөгжил дэвшлийн төлөвлөлтгүй байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буй учир усыг дэлхий нийтээр энхтайванч байдлаар ашиглан хандахыг уриалж байгаа аж. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр хэллээ.


Манай улсад Дэлхийн Усны өдрийг угтан “Цэнхэр тууз” аяныг усаа хайрлаж, хамгаалж, хэмнэе урианд дор зарлажээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн олон оронд мөнх цэвдэгт уулс хайлж байна. Үүнд манай орны Отгонтэнгэр, Сутай, Их Богд уул орж байна. Отгонтэнгэр уулыг Гэгээн нуур аврах магадлалтай байгаа бол Баянхонгор аймаг дахь Их Богд уул мөнх цэвдэгтэй байсан бол одоо цасгүй болоод байгаа аж. Үүний араас Сутай хайрхан орж буйг хэллээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс болон хүний хүчин зүйлээс болж нэг нэгнээ тэтгэдэг гол, мөрнүүд татрах аюул нүүрлэж буй аж.


Water stress map” гэсэн 2040 он хүртэлх олон улсын усны эрсдэлийн нөхцөл байдлыг харуулсан зургаас харахад энд БНХАУ, Казахстан зэрэг улсыг хамгийн анхаарах түвшинд байгаа гэдгээр улаанаар тэмдэглэжээ. Үүнд, Монгол Улс мөн орж тэмдэглэснийг тэрбээр хэллээ. БНХАУ-ын хувьд тус улсын хойд хэсэг анхаарах бүсэд орж, одоо хэрэглэж буй усны хэрэглээнийхээ 40-80 хувийг хангаж чадахгүйд хүрэхээр байгааг сануулсан байна.


Дэлхийн цэнгэг усны нөөцийн 68.7 хувийг цас, мөсөн бүрхүүл эзэлдэг байна.


Дээрх бүх байдал нь байгалийн үйл явц (процесс) бидний тооцсоноос бус явагдаж буйн жишээ. Гэтэл хүн төрөлхтөн бид байгалийн өөрчлөлтийг өөрийнхөө цагаар хэмжээд байна гэв. Усыг хайрлаж, хамгаалахад:

  • Усан сан байгуулж хуримтлуулан ус нөөцлөх,
  • Газрын доорх усны эрэл хайгуул хийж мөн нөөц бүрдүүлэх,
  • Усыг зөв зохистой ашиглах зэрэг гарц, шийдэл байгааг хэлсэн юм.

Манай улсад орон сууцанд амьдардаг нэг хүн хоногт 180 литр ус хэрэглэдэг бол гэр хорооллын оршин суугч 8 литр ус ашиглаж буй тооцоо гарчээ. Орон сууцанд усны крантаа хаалгүйгээр аяга тавгаа угаахад 15-30 литр ус зарцуулдаг байна.

Тэгвэл сав суулгыг савтай усанд усаа тосож угаахад 5-10 литр ус хэрэглэж, 20 литр ус хэмнэх боломжтой байдаг. Автомашиныг даралттай усаар угаахад 50-100 литр ус зарцуулж буй тооцоо гарчээ.




Байшин, барилгын дээврийг ашиглан ус хуримтлуулах боломжтой байгааг Усны газрын дарга З.Батбаяр Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаар жишээ татан хэлсэн юм. 6-9 дүгээр сард орсон 357.8 мм хур тунадасыг 10 мянга гаруй байшин барилгын дээврийг ашиглан хуримтлуулвал 372.00 тонн ус хэмнэх тооцоо гарчээ. Энэ нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Дүүрэн нуурын устай тэнцэх хэмжээний ус болж байна. Энэ хуримтлуулсан усаар 1400 орчин тонн төмс, эсвэл 203.00 орчим тонн улаанбуудайг усалж ургуулах боломжтой аж.

Усны ашиглалт, хэрэглээг эхлээд гаргаж байж бид усны төлбөрөө тооцох учиртайг Усны газрын дарга З.Батбаяр хэллээ. 



Холбоотой мэдээ