"Мэтью" хар салхины өмнө ямайкчууд хоол хүнс, цэвэр усаа нөөцөлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-10-01 18:13:49

ЛОНДОН./BBC/. Сүүлийн есөн жилийн хугацаанд Атлантын далайд дэгдсэн хамгийн хүчтэй хар салхи 260 км/цагийн хурдтайгаар Ямайк улсыг чиглэн ирж байна.

Тавдугаар түвшний Мэтью гэдэг энэ хар салхи  дайран өнгөрөхөөс өмнө бэлэн байдлын арга хэмжээ авах асуудлаар Ямайкийн Ерөнхий сайд Эндрью Холнесс яаралтай хуралдаан зарлажээ.

Хар салхи даваа гарагт тус улсын баруун эрэгт хүрэх төлөвтэй байгаа энэ үед ямайкчууд хоол хүнс, цэвэр ус нөөцлөн авсаар байна. Ерөнхий сайдын хэвлэлийн албаны дарга Роберт Морганы хэлснээр, тус улсын өмнөд арлуудыг хамгаалах асуудал эн тэргүүнд тавигдаж байгаа ажээ. Түүний зэрэгцээ, хүчтэй хар салхи нутгийн хойд хэсэг дэх Монтего Бэй гэдэг аялал жуулчлалын бүсийг дайран өнгөрч болзошгүй байгааг анхаарууллаа.

Цаг уурчдын мэдээлснээр, Ямайк болон Гаити улсын өмнөд хэсгээр 38 см хур тунадас орох төлөвтэй байна.

Өмнө нь 1988 онд "Жильберт" хар салхи, 2012 онд "Сэнди" хар салхи Ямайк улсыг дайран өнгөрч байжээ.  

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ