ДОРНОД: Голуудын зарим хэсгээр халиа, тошин гүйж мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-10 13:25:29

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нутаг дэвсгэр дэх гол, нууруудын мөсний зузаан 60-100 см байна. Ноднин өвлийн мөн үетэй харьцуулбал 5-35 см-ээр нимгэн байгаа аж.


Нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, цаг агаарын дулаарлаас нуурт цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж эхэлжээ. Тиймээс гол, нууруудын мөсөн дээгүүр зорчихгүй байх, шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  


Хэнтийн нурууны зүүн ар хажуугаас эхтэй Улз, Онон, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Нөмрөг голуудын ай сав газрын 75-95 хувь нь цастай байгаа юм.


Цаг агаарын дулаарлаас дээрх голуудын саваар шар усны үер буух эрсдэл их байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай.


Хайлсан цас, мөсний улмаас голын урсац, усны түвшин харьцангуй урт хугацаанд голын ус эргээсээ хальж давах үеийг шар усны үер гэдэг.

Холбоотой мэдээ