Монгол-Японы сансар судлалын хамтын ажиллагаа: Өндөр нарийвчлалтай мэдээлэл гаргахад чиглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-03 10:54:57

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол-Японы сансар судлалын хамтын ажллагааны симпозиум өчигдөр "Туушин" зочид буудалд болж, зайнаас хийх сансрын тандан судалгааг илүү өндөр нарийвчлалтай болгох талаар хэлэлцлээ.

Япон улсад сансар судлалаар өндөр нарийвчлалтай мэдээллийг цуглуулах үүднээс ХАА-д газар тариалан болон бусад салбарын үйл ажиллагаанд шаардлагатай газарт тандан судалгаа хийж байна. Эн мэтээр олон улсад хийж буй сүүлийн үеийн судалгааг Монгол Улсад цаг алдалгүй нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар хоёр улсын эрдэмтэн судлаач нар ярилцлаа.

Манай улсад сансрын судалгааг ашиглан бэлчээрийн байдал, ургамал, амьтны үржил тархацаас эхлээд олон талын тандан судалгааг хийж байна. Гэхдээ одоо хэрэглэж буй системээр сумын түвшинд л судалгааг хянах боломжтой, бага, дунд түвшний мэдээллийг цуглуулж байна.

Уг нь ургамлын төрөл зүйлийн ургац, тархалтын мэдээллийг өндөр нарийвчлалтай гаргах шаардлагатай байгааг ХААИС-ийн  Агроэкологийн сургуулийн газрын менежментийн тэнхимийн багш, доктор Б.Батбилэг хэллээ. Энэ талаар хоёр улсын эрдэмтэд илтгэл хэлэлцүүлж, судалгаагаа нэгтгэн хамтран ажиллах боломжтойг Японы “Нестра энд Орбитал инженеринг” компанийн захирал Яамагүчи Кожи хэлсэн юм.


Монгол Улс сансарт өөрийн бие даасан хиймэл дагуул хөөргөх хүртэл олон улсын хиймэл дагуулуудаас өндөр нарийвчлалтай мэдээлэл авах нь чухал байна.



“Манай улс сансар судлалын чиглэлээр Франц, Япон, ОХУ, БНХАУ зэрэг улстай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж буй”-г ЦХХХ-ын сайд Н.Учрал хэлээд, сансрын уудам зайг энхтайвны чиглэлээр ашиглаж, нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах нь эдийн засгийн нэг шинэ салбар болоод буйг онцоллоо.

Тэрбээр, Монгол Улсын Сансрын зөвлөлийг тэргүүлж буйн хувьд энэ тал дээр анхааран ажиллаж эхний үр дүн гарч байна гэсэн юм.

Уулзалт хэлэлцүүлгээр төр, засгийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургууль бүрийн тусдаа хийж буй судалгааг нэгтгэн уялдаа холбоотой ажиллахаар талаар тохиролцлоо.

Уулзалт, хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ЦХХХЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд, ХААИС-ийн эрдэмтэн судлаач нар оролцлоо. 

Холбоотой мэдээ