Ахмад настны эрүүл мэндийг дэмжих аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-09-30 15:56:02

“Олон улсын ахмадын өдөр”-ын өдрийг угтан ахмад настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, настны нийгмийн оролцоог сайжруулах, насжилтийн талаарх эерэг ойлголт, хандлагыг олон нийтэд таниулах зорилгоор Төв аймгийн Эрүүл мэндийн газар “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих нь” 7 хоногийн аян зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд Эрүүл мэндийн газар, Баруун Зуунмод өрхийн эрүүл мэндийн төв, Төв Эм импекс ХХК-тай хамтран аймгийн ахмадын амралтанд амарч буй 24 ахмад, 3 ахмад ажилчин нийт 27 ахмадад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийн, витаминжуулж, эрүүл зөв хооллолтын талаар зөвлөмж мэдээлэл хүргэн ажиллалаа.

Үзлэгт хамрагдсан нийт 27 ахмадад эрүүл мэндийн зөвлөгөө өгч, цаашид онош тодруулах шаардлагатай үйлчлүүлэгчдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөв. Ахмадуудын 85 хувь нь Жаргалант, Цээл, Өндөрширээт, Дэлгэрхаан сумдаас ирсэн бөгөөд ахмадын эмч Төмөртуяа: хөдөө орон нутгийн ахмадуудын хэрэгцээ шаардлага, сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь хүргэж үзүүлсэнд сайшаан, талархлаа илэрхийлэв.

Дэлхий нийтээрээ жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2016 онд тус өдрийг “Насаар гадуурхахыг зогсооцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг гишүүн орнууддаа уриалсан байна.

“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, аймгийн дэд хөтөлбөрт хүн амын эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжин, настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тусгагдсан байдаг. 

Т.Есүхэйтөмөр
 

Холбоотой мэдээ