Нью-Йоркийн анагаахын сургуульд 1 тэрбум доллар хандивлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК, 2024
оны хоёрдугаар сарын 27 /BBC/. Уолл Стрийтийн томоохон хөрөнгө
оруулагчийн 93 настай бэлэвсэн эхнэрээс 1 тэрбум долларын хандив хүлээн авсан Нью-Йоркийн анагаахын сургуулийн захиргаа төлбөрөөс чөлөөлөгдөх боломжийг оюутнууддаа санал
болгож байна.
Альберт Эйнштейний нэрэмжит Анагаах ухааны коллежид энэхүү бэлгийг Бронкс дүүрэг дэх тус сургуулийн профессор асан доктор Рут Готтесман өгчээ. Энэ нь АНУ-ын сургуульд өгсөн хамгийн том хандивуудын нэг, мөн анагаахын сургуульд их хэмжээний мөнгө хандивласан анхны тохиолдол болж байна. Нью-Йорк хотын хамгийн ядуу дүүрэг болох Бронкс нь Нью-Йоркийн 62 тойргоос эрүүл мэндийн үзүүлэлтээр хамгийн сүүлд ордог.
“Өөрчлөлтийг авчрах” энэхүү бэлэг нь “зөвхөн сургалтын төлбөрөө чөлөөлүүлэх оюутнуудаар зогсохгүй, манай эрхэм зорилгын төлөө тууштай зүтгэх оюутнуудыг үргэлжлүүлэн татна” гэж их сургуулийн захирал, доктор Ярон Йомер мэдэгджээ. Тус сургуулийн сургалтын жилийн төлбөр нь ойролцоогоор 59 мянган ам.доллар байдаг тул оюутнууд их хэмжээний өртэй хоцрох тохиолдол олон.
Сургуулийн мэдэгдэлд дурдсанаар, төгсөх ангид суралцаж
буй оюутнуудын 2024 оны хаврын сургалтын төлбөрийг даахаас гадна ирэх наймдугаар сараас эхлэн
бүх оюутан, мөн одоо
элсэж буй оюутнууд үнэ төлбөргүй суралцах ажээ. Энэхүү хандив нь манай
оюутнуудын чөлөөт цагийг нэмэгдүүлж, урам зоригийг сэргээх бөгөөд урьд нь хийж чадахгүй байсан төсөл,
санаануудыг хэрэгжүүлэх боломжийг тэдэнд олгоно гэж доктор Я.Йомер нэмж хэллээ.
Өдгөө 93 настай доктор Р.Готтесман 1968 онд тус сургуульд ажиллаж эхэлжээ. Тэрбээр сурч боловсроход тулгардаг саад бэрхшээлүүдийг судалж, мэдлэг чадвар олгох хөтөлбөр хэрэгжүүлж, өргөн хэрэглэгддэг үзлэг, үнэлгээний
протоколуудыг боловсруулж байжээ. Түүний
талийгаач нөхөр Дэвид Готтесман нэр хүндтэй хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулагч бөгөөд У.Баффетын үндэстэн дамнасан
корпорац болох “Berkshire
Hathaway”-ийн анхны хөрөнгө оруулагчдын нэг байсан юм. Тэрбээр 2022 оны есдүгээр сард 96
насандаа таалал төгсжээ.
“Эйнштейний нэрэмжит сургуульд суралцсан эмч нар Бронкст төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг хүмүүст хамгийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Талийгаач нөхөр Сэнди маань энэхүү хөрөнгийг надад үлдээсэнд би маш
их талархаж явдаг бөгөөд ийм хүндтэй
үйл хэрэгт энэхүү бэлгийг зориулах том завшаан олдсонд маш их
баяртай байна” гэж Р.Готтесман ярилаа.
Эйнштейний нэрэмжит
сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудын 50 орчим хувь нь Нью-Йоркоос гаралтай бөгөөд 60 орчим хувь нь эмэгтэйчүүд юм. Тус сургуулиас гаргасан статистик мэдээллийг үзвэл, анагаахын оюутнуудын 48 орчим хувь нь цагаан арьстан, 29 хувь нь
ази, 11 хувь нь испани, 5 хувь нь өнгөт
арьстнууд ажээ.
Р.Готтесман “New York Times” сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа талийгаач нөхөр нь нас барахдаа өөрт нь “Berkshire Hathaway”-ийн хувьцааны бүхэл бүтэн багцыг үлдээж “зөв гэж бодсон зүйлдээ зарцуулахыг хүссэн” талаар дурсан ярьж байжээ.