S&P 500, Dow Jones индексүүд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-02-23 09:29:47

НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 23 /VOA/.Чип үйлдвэрлэгч Nvidia компани асар их орлого олно гэж таамагласны дараа S&P 500,  Dow Jones (Dow Jones Industrial Average)  индексүүд пүрэв гарагт дээд түвшинд хүрч өслөө. 


Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд таамаглаж байснаас илүү их орлого олсон, мөн тус компанид үйлдвэрлэж буй хиймэл оюун ухааны чипүүд нь эрэлттэй байгаагаас шалтгаалан энэ оны эхний улирлын орлого гурав дахин нэмэгдэнэ гэж урьдчилан таамагласны дараа Nvidia-гийн хувьцаа 15.2 хувиар өссөн байна. 


Үүнийг дагаад S&P 500 индекс 2.04 хувиар өсөж, 5083.28 нэгж буюу бүх цаг үеийн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Мөн хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч бусад компанийн хувьцаа өссөн байна. Тухайлбал, Nvidia-гийн өрсөлдөгч болох “Advanced Micro Devices” компани, серверийн бүрэлдэхүүн нийлүүлэгч “Super Micro Computer”, мөн “Arm Holdings”-ын хувьцааны ханш 9.2-33.2 хувиар өсжээ. Түүнчлэн Synopsys-ын хувьцаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. 


Хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханшийг харуулдаг Philadelphia Semiconductor Index (SOX) мөн 5.2 хувиар өслөө.  “Alphabet”, “Microsoft”, “Meta Platforms” зэрэг технологийн томоохон компаниудын хувьцаа 0.8-4.4%-иар өссөн байна.


Холбооны нөөцийн сангийн дэд дарга Филипп Жефферсон пүрэв гарагт мэдэгдэхдээ "бодлогын хүүгээ хэзээ бууруулж эхлэхээ тодорхойлохын тулд ирж буй эдийн засгийн бүх мэдээлэлд бид дүн шинжилгээ хийнэ" гэлээ.  






Холбоотой мэдээ